




















ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалахын тулд цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалтай болгох шаардлагатай гэж үзлээ. ХЭҮК-т ирүүлсэн тоон мэдээллээр, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 5,546 хүн гэмтэж бэртсэнээс 1040 нь 18 наснаас доош насны хүүхэд байна. Үүнээс 650 хүүхэд өөрөө унаж гэмтэж, бэртсэн нь жолоодох ур чадвар, замын нөхцөл, чанартай холбоотой гэж ХЭҮК урьдчилан дүгнэлээ. Монгол Улсад 2021 оноос 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 8,637 ширхэг цахилгаан дугуй, суррон импортолсон гэх албан бус мэдээлэл бий. Гэхдээ ямар үйлдвэрийн, ямар хүчин чадалтай, техникийн үзүүлэлттэй гэдэг талаар судалгаа, мэдээлэл одоог хүртэл алга. Мөн сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын тоо тогтмол өссөн. ГССҮТ-өөс гаргасан тоон мэдээлэлд, 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтсэн бол 2024 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 281 хүүхэд ямар нэг гэмтэл бэртэл авсан гэх тоон баримт байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ч цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах эрсдэл нэмэгдсэн гэж үзсэн. Иймд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалт хийх санал гаргасан юм. Цаашид түрээсийн үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах, Тээврийн цагдаагийн албанаас хяналтыг сайжруулж, хүүхэд унаж байгаа тохиолдлыг шалгаж, эцэг, эхтэй нь хариуцлага тооцох, түрээсийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйлчилгээний гэрээний нөхцөлийг сайжруулж, хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг дугуй, мопед, скүүтэр зорчих боломжоор хангах асуудлыг судлах нэн шаардлагатай юм.
Тээврийн цагдаагийн албанаас “Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 4500-5000 хүн өдөр тутамдаа скүүтэр ашиглаж байна. Иргэдийн хувьд техникийн ялгааг таньж мэдэхгүй байна. Сурроныг мэргэжлийг тамирчдад зориулж бүтээсэн. Дээд хурд нь 120 км/цаг. Харин цахилгаан скүүтэр нь 50 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез, БНХАУ зэрэг улс орнууд замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон.
Тиймээс дээрх төрлийн тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахын тулд бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгох, түрээслэгч байгууллагуудад зөвшөөрөл олгох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатайг мэдээллээ.









