



















Азийн тивийн тэргүүлэх санхүүгийн менежерүүд бүс нутгийн зах зээлд итгэлтэй хандаж эхэлсэн бөгөөд Хятадын талаарх хандлага сайжирч, Японы хөрөнгө оруулалтын хэмжээ дээд түвшиндээ хадгалагдсан гэж Bank of America (BofA)-ийн хамгийн сүүлийн “Asia Fund Manager” судалгаанд дурджээ.
Энэхүү судалгааг 2025 оны хоёрдугаар сарын 7-13-ны хооронд явуулж, нийт 482 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг 205 сангийн менежерүүдийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын 84% нь Япон Улсыг оруулалгүйгээр Ази, Номхон далайн бүсийн хувьцааны ханш ирэх 12 сарын хугацаанд өснө гэж үзэж байгаа нь өмнөх саруудаас өссөн үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн төлөвт болгоомжтой хандаж байгаа ч BofA-ийн шинжээчид сэтгэлзүй өөрчлөгдөж буйг онцолж, БНХАУ-ын хувьцаанд хуваарилсан хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрснийг дурдсан байна.
Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь бодлогын зөөлрүүлэлтийн шинж тэмдэг илэрвэл БНХАУ дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.
Япон эдийн засгийн өсөлт, аж ахуйн нэгжийн орлогын хүлээлт өндөр байгаа тул хөрөнгө оруулагчдын хамгийн шилдэг сонголт бол Япон Улс гэдэг хандлага хэвээр хадгалагдсан.
Хятадын Тайвань хоёр дахь хамгийн таатай зах зээлээр тодорсон бол Энэтхэгийн хувьцаанд хандах сонирхол сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрсэн гэж шинжээчид мэдээлсэн байна.
"Хөрөнгө оруулагчид аажмаар эрсдэлийг хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн чиг хандлагыг сонирхох нь судалгааны түүхэн дээд хэмжээнд хүрлээ" гэж BofA-ийн шинжээчид тэмдэглэжээ. Салбарын сонголтын хувьд технологи, харилцаа холбооны хувьцаанд сонирхол нэмэгдсэн бол үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын салбарууд хоцорч байна.
Гол чиг хандлагын хувьд БНХАУ хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчаар тэргүүлж байгаа бол Энэтхэгт дэд бүтэц, хэрэглээний салбараараа давамгайлж байна гэж үзжээ.









