



















Гол мэдээллүүд:
8.8 магнитудын газар хөдлөлт Оросын Камчаткийн хойгийн ойролцоо боллоо.
Камчаткад 3-5 метрийн өндөртэй цунами бүртгэгдлээ.
Япон, Хавай, АНУ-ын баруун эрэг болон Номхон далайн бусад орнуудад сэрэмжлүүлэг өглөө.
Оросын ШУА: ОХУ-ын Камчаткад 1952 оноос хойш бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж үзэж байна.
Оросын Алс Дорнодын Камчаткийн хойгийн ойролцоо, 8.8 магнитудын газар хөдлөлт болсноос үүдэн 5 метр хүртэл өндөртэй цунамигийн давалгаа үүссэнээр Хавай болон Номхон далайн орнуудад нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж эхэллээ. Энэхүү газар хөдлөлт нь орон нутгийн барилгуудыг нурааж, хэд хэдэн хүнийг гэмтээсэн байна. Японы зүүн эргээр (2011 онд газар хөдлөлт, цунамигаар хамгийн их хохирол амссан бүс) олон хот тосгодыг нүүлгэн шилжүүлэх зар тараажээ.

Хавайд, арлын эрэг орчмын оршин суугчдад өндөрлөг газар руу гарах буюу барилгын 4 давхар болон түүнээс дээш давхарт гарахыг зөвлөж, АНУ-ын эргийн хамгаалалтын алба бүх хөлөг онгоцнуудыг боомтоос гаргах тушаал өгсөн байна.
"Арга хэмжээ ав! Аюултай цунамигийн давалгаа хүлээгдэж байна!"
— Хонолулугийн Онцгой Байдлын Газрын мэдэгдэл (X нийгмийн сүлжээгээр)
Өглөөний 06:00 орчимд Хавайн арлуудад 1-1.2 метрийн өндөртэй давалгаа ирж байгааг Цунами Сэрэмжлүүлгийн Төв мэдээлжээ.
Хавай мужийн захирагч Жош Грийн мэдэгдэхдээ: "Одоогоор ноцтой давалгаа арлуудыг нөмрөөгүй ч Мауи арлын бүх нислэг цуцлагдсан" гэжээ.
Камчаткад, далайн давалгаа боомтыг үерт автуулж, Северо-Курильск хотын загас боловсруулах үйлдвэр болон усан онгоцны зогсоолд ойртжээ.
Оросын Камчаткийн захирагч Владимир Солодов Telegram сувгаар “Өнөөдрийн газар хөдлөлт бол сүүлийн арван жилийн хамгийн хүчтэй нь” хэмээн мэдэгдсэн байна.
Оросын Онцгой Байдлын Яам Telegram дээр “Цэцэрлэгийн барилга эвдэрсэн ч ихэнх барилга газар хөдлөлтөд тэссэн. Нас баралт бүртгэгдээгүй” гэж мэдээлэв.
АНУ-ын Геологийн Алба газар хөдлөлтийн гүнийг 19.3 км гэж тогтоож, төв нь Петропавловск-Камчатски хотоос зүүн өмнө зүгт 119 км зайтай байсныг мэдээлжээ. Энэхүү газар хөдлөлтийн магнитудыг анхны 8.0-оос 8.8 болгож өсгөсөн бөгөөд 6.9 магнитудтай хүчтэй доргилтууд ч бүртгэгдсэн байна.
"Барилгын хананууд яг л нурчих шиг санагдаж байсан. Би яаралтай гарч зугтсан."
— 25 настай оршин суугч Ярослав
Японы эрэг дагуу хотуудын цунамигийн дохио дуугарч, олон арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхээ зарлажээ. 2011 оны цунамигийн ослоор сүйрсэн Фукушима АЦС-аас ажилчдаа нүүлгэн шилжүүлсэн талаар TEPCO компани мэдээлэв.
Японы NHK телевизээр Хоккайдо арлын иргэд нарны халуунд майхан дор орогнож буй бичлэг цацагдаж, завинууд боомтоос гарч буйг үзүүлжээ.
"Ниссан Мотор" компани Япон дахь зарим үйлдвэрээ түр зогсоож, ажилчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан байна.
Японд гурван удаагийн давалгаа бүртгэгдсэн ба хамгийн өндөр нь 1.3 метр байсан гэж албаны хүмүүс хэлжээ. Одоогоор гэмтэл, хохирлын талаар мэдээлэл байхгүй, атомын цахилгаан станцууд ч хэвийн ажиллагаатай байна.
NHK, Японы Аврах Холбооны мэдээгээр 1-3 метрийн өндөртэй давалгаа нь хүнийг урсгаж амь насанд хүргэх аюултай бөгөөд модон байшин, хөдөлгөөнт эд зүйлсийг эвдэж гэмтээх чадалтай аж.
АНУ-ын Цунами Сэрэмжлүүлгийн Систем “Номхон далайн эрэг дагуу аюултай цунамигийн давалгаа тархаж магадгүй” гэж анхааруулжээ.
Орос, Хавайн хойд арлууд, Эквадорын эрэг дагуу 3 метрээс дээш давалгаа ирж болзошгүй. Япон, Хавай, Чили, Соломоны арлуудад 1-3 метрийн давалгаа ажиглагдаж болзошгүй байна. АНУ-ын баруун эрэг дагуу ч жижиг давалгаанууд ирэх магадлалтай гэжээ.
“Номхон далайд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Хавайд Цунамигийн Анхааруулга хүчинтэй байна.”
— Ерөнхийлөгч Доналд Трамп, нийгмийн сүлжээнд бичжээ
“Мөн Аляска болон АНУ-ын Номхон далайн эрэгт Цунами ажиглагдлаа гэжээ.”
Оросын Сахалины захиргааны мэдээлснээр Северо-Курильск хотод 3-5 метрийн өндөртэй цунами бүртгэгдэж, цахилгаан хангамж тасарсан байна. Хотын дарга иргэдийг хийн халаагуур ашиглахгүй байхыг анхааруулжээ.
Камчатка болон Оросын Алс Дорнод нь “Номхон далайн галын цагираг” буюу газар хөдлөлт, галт уул идэвхтэй бүсэд оршдог.
Оросын Шинжлэх Ухааны Академи энэ нь 1952 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт байсныг онцолсон байна.
“Эпицентрийн онцлогоос шалтгаалан чичиргээ хүлээгдэж байсан шиг өндөр байгаагүй. Гэхдээ газар хөдлөлтийн дараах доргилтууд үргэлжилж байна.”
— Данила Чебров, Камчаткийн Геофизикийн Албаны захирал









