



















Хөрөнгө оруулалтын “Морган Стэйнли” банкныхан “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны дайн нь эдийн засгийн идэвхжлийг бууруулж, инфляцыг өсгөж, БНХАУ-аас хамааралтай “IT”-ийн техник хангамж зэрэг салбаруудад дарамт учруулж болзошгүй тул АНУ-ыг ялна гэж шууд тодорхойлох нь хэцүү. Гэхдээ бүх зүйл тийм ч муу биш худалдааны дайн нь АНУ-ын аж үйлдвэр, болон металлын салбарт таатай нөлөө үзүүлэх боломжтой” гэж үзэж байна.
АНУ-ын аж үйлдвэрийн салбарын хувьд
“Морган Стэйнли”-ийн АНУ-ын салбар хариуцсан шинжээч Крис Снайдер “Урт хугацаандаа худалдааны дайн нь АНУ-ын аж үйлдвэрт эерэг нөлөөтэй. Учир нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний өртөгт гарах өөрчлөлт нь аж үйлдвэр дахь хөрөнгө оруулалтаас АНУ-д илүү их зүсэм оногдуулах боломжтой болгож байна. Тус улсын аж үйлдвэрийн салбар дахь компаниуд нь худалдааны татварын улмаас өндөр үнээр дамжсан орлогыг хүртсэнээр зохистой ашгийн түвшин нэмэгдэх боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал Нью-Йоркийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Trane Technologies”, “Vertiv Holdings”, “Johnson Controls”, “Eaton Corporation”, “Acuity Brands” зэрэг компаниуд худалдааны татвар өссөнөөр хамгийн их үр нөлөөг нь амсаж ашгаа нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Металлын салбар
АНУ нь зэс, хөнгөн цагаан, гангийн томоохон импортлогч тул импортын татвар нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэл өсөх магадлалтай. Ялангуяа, зэс, хөнгөн цагааны салбар дахь АНУ-ын дотоодын нийлүүлэлт хангалтгүй тул илүү их өсөлт үзүүлэхийн тулд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой бөгөөд үүнийгээ дагаад ашгийн маржин өсөх болно.
Тухайлбал тус улсын “Alcoa” компани гэхэд ган хайлуулах үйлдвэрүүдээрээ дамжуулан нэмэгдсэн үнээс ашиг хүртэх нь тодорхой аж.
“Freeport” компанийн хувьд АНУ дахь худалдааны татварын улмаас бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтөөс ашиг хүртэж, харилцагчдадаа харьцангуй өндөр үнээр борлуулалт хийх боломжтой болж байгаа. Тиймээс АНУ-ын аж үйлдвэр болон металлын салбарынхан Ерөнхийлөгч Доналд Трампийн худалдааны татварыг хоёр гараа өргөн уухайлан дэмжиж байгаа нь лавтай.
Харин худалдааны татвараас болж АНУ-ын хохирч болзошгүй салбарууд гэвэл:
“IT” техник хангамжийн салбар
АНУ-ын техник хангамжийн ихэнх үйлдвэрлэл Хятадад төвлөрсөн тул 10%-ийн импортын татвар нь энэ салбарт орлогын бууралт үүсгэх эрсдэлтэй. Тус улсын техник хангамжийн 20%-нь БНХАУ-д үйлдвэрлэгддэг бөгөөд ашгийнхаа 50%-иас дээш хувийг АНУ- дахь борлуулалтынхаа орлогоос олдог компаниудын ашгийн маржин буурснаар дагаад нэгж хувьцааны үнэ нь ч буурах магадлалтай. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид ч "IT" салбарын компаниудын хувьцааг борлуулснаар зах зээлийн үнэлгээг бууруулах бас нэг хүчин зүйл болох юм.
“Валют”-ын нөлөө:
Түүнчлэн АНУ-ын ам.долларын өсөлт нь 2025 онд онлайн аялал жуулчлалын компаниудын орлогод ихээхэн сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. АНУ-ын ам.доллар хэрвээ энэ эрчээрээ чангараад байвал тус улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын орлого 2-3%-иар буурах төлөвтэй байгаа ч хөрөнгө оруулагчид энэ эрсдэлийг аль хэдийн тооцож, анхаарлаа компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү чиглүүлж байна. Гэхдээ энэ салбарт хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчид ихээхэн мэдрэг байдаг тул авсан хувьцаанууд буцааж борлуулах үйл явц гарч болзошгүй юм.
“UBS” банкныхны үзэж байгаагаар “Airbnb”, “Booking Holdings”, “Expedia” зэрэг гол тоглогчид валютын ханшийн дарамтад өртөх магадлал маш өндөр байгаа аж.
“Booking Holdings” компанийн АПП-ийг Европын иргэд ихээхэн ашигладаг тул валютын нөлөөллөөс 3 хувийн алдагдал хүлээхээр байна.
Харин “Expedia”, “Airbnb” компаниудын хувьд арай бага хэмжээний сөрөг нөлөөтэй байх төлөвтэй.
Гэсэн хэдий ч аялал жуулчлалын эрэлт тогтвортой хэвээр байгаа бөгөөд компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Ерөнхийдөө ам.долларын ханш чангарвал Европын жуулчид Ази руу аялах магадлалтай. Харин эсрэгээр Еврогийн ханш суларснаар АНУ-ын иргэд Европ руу аялах нь нэмэгдэх боломжтой ажээ.









