



















Католик шашинтай Итали, ялангуяа өмнөд нутгуудад үр хөндөлт маргаантай сэдэв хэвээр байна
Сицилид ажиллаж буй эмэгтэйчүүдийн эмч нарын 80 гаруй хувь нь үр хөндөлт хийхээс татгалздаг
Шинээр баталсан бүс нутгийн хууль эмнэлгүүдийг үр хөндөлт хийж чадах эмч ажилд авахыг шаардаж байна
Энэ хуулийг ялгаварлан гадуурхсан хэрэг гэж эсэргүүцэгчид маргах төлөвтэй
Сицилийн дунд эргэм насны эмэгтэй Мониа 2022 оны аравдугаар сард анхны хүүхдээ тээж буйгаа мэдээд туйлын их баярласан. Гэсэн ч насны онцлогоос шалтгаалан эмч нь түүнд генетикийн шинжилгээ хийлгэхийг зөвлөжээ. Харамсалтай нь, шинжилгээний үр дүн ямар ч эцэг эхэд сонсохыг хүсэхгүй хариу буюу ургийн гажиг илэрсэн байна.
Мониа эмэгтэйчүүдийн эмчээс яах ёстой талаар зөвлөгөө авахад тэрээр “Одоо юу ч хийж чадахгүй. Чи үр хөндүүлэх гэж байгаа юм биш биз?” гэж хариулжээ.
Уг эмч нь "Ёс суртахууны эсэргүүцэгч" буюу үр хөндөлтөөс шашны болон ёс суртахууны шалтгаанаар татгалздаг нэгэн байсан гэж Мониа хэлсэн. Италийн Эрүүл Мэндийн Яамны 2022 оны тоо баримтаас харахад Сицилийн эмэгтэйчүүдийн эмч нарын 80 гаруй хувь нь үр хөндөлт хийхээс татгалздаг ч 1978 оноос хойш үр хөндөлт нь Итали улсад эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх хэвээр байна.

Энэ байдлыг өөрчлөхийн тулд Сицилийн бүс нутгийн зөвлөл тавдугаар сарын сүүлээр нууц санал хураалтаар шинэ хууль баталжээ. Уг хууль нь бүх төрийн өмчит эмнэлгүүдэд үр хөндөлтийн тусгай тасаг байгуулах, мөн энэ үйлчилгээг үзүүлэхийг хүссэн эмч нарыг заавал ажилд авахыг шаардсан байна.
Италийн үндэсэн хуульд зааснаар жирэмсний эхний 90 хоногт үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг. Хэрвээ эхийн эрүүл мэндэд аюул учрах, эсвэл урагт ноцтой гажиг илэрвэл энэ хугацаанаас хэтэрсэн ч үр хөндөлт хийж болох аж. Мониагийн хувьд хоёр дахь нөхцөлд хамаарч байжээ. Тэрээр Сицилийн баруун хэсэгт орших Трапани хотын Сант’Антонио Абате эмнэлэгт очиж үр хөндүүлэхийг хүссэн байна.
“Тэнд байсан бүх эмэгтэйчүүдийн эмч нар эсэргүүцэгчид байсан,” гэж Мониа дурсав. “Нэг эх баригч надад зөвхөн гудас бүхий ор өгч, гурван цаг тутамд нэг эм өгнө гэж хэлсэн. Өөр ямар ч тусламж үзүүлэхгүй гэж анхааруулсан” гэжээ.
Түүний түүх нь өмнөд Италид ердийн зүйлд тооцогддог бөгөөд энэ бүс нутгийн уламжлал нь Итали улсын төв болон хойд нутгаас илүүгээр консерватив (хуучинсаг) хандлагатай байсаар ирсэн.
Анхны эмчилгээ нь үр дүнгүй байснаас болж, тав хоногийн дараа өөр эмчилгээ хийсний дараа л Мониа зулбасан. Тухайн үед нэг эмч, нэг эх баригч хамт байжээ. Эмнэлгийн ажилтнууд түүнийг “6-р зүйл” гэж дуудсан нь жирэмсний 90 хоногоос хэтэрсэн тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг хуулийн заалттай холбоотой.
Сант’Антонио Абате эмнэлгээс энэ талаар сэтгүүлчийн тавьсан асуултад хариу өгөхдөө: “Мониагийн туулсан бэрхшээлд харамсаж байна. Гэвч тухайн үеийн эмнэлгийн захирал, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчийн аль аль нь одоо ажиллахгүй байгаа учраас бодит байдлыг шалгаж боломжгүй” гэж мэдэгдэв.
Өнөөдөр тус эмнэлэг үр хөндөлт хийхээс татгалздаггүй гурван эмчтэй бөгөөд уг үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсон гэжээ.
Италийн Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр Сицилийн эмнэлгүүдийн ердөө тал хувь нь л үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлдэг. Харин төв болон хойд Италид энэ үзүүлэлт 70 орчим хувьтай байна.











