



















Лхагв гарагт Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба Израиль улс Газа хотод хийж буй довтолгоогоо нэн даруй зогсоохыг уриаллаа. Хэрэв Израйльчууд довтолгооноо үргэлжлүүлж бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсээр байвал Токио “Хариу арга хэмжээ авах болно” гэж анхаарууллаа.

Нью-Йорк хотын Парк Лэйн зочид буудалд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр Шигэру Ишиба:
“Япон улс Израильд эдгээр ажиллагаагаа одоо шууд зогсоохыг хүчтэйгээр шаардаж байна” хэмээн мэдэгдэв.
Тэрээр Израилийн нэг талын цэргийн ажиллагаа “Хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлдэл биш” гэж нэмж хэлжээ
Ишиба хоёр улсын шийдлийн зарчмыг дахин бататгаж, израильчууд болон палестинчууд “хоорондоо зэрэгцэн амьдрах” нөхцөлд хүрэх нь чухал гэдгийг онцлоод, Палестиныг хүлээн зөвшөөрөх асуудал бол “Хэзээ гэдэг нь л асуудал болохоос биш, байх эсэхийн тухай биш” гэж мэдэгдлээ.
Тэрээр Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал улам гүнзгийрч буйг “үл тоомсорлож болшгүй” хэмээн буруушааж, бүх талд энхтайван шийдэл олохын төлөө ажиллахыг уриалав.
Ишиба Газын зурвасын мөргөлдөөнийг дэлхийн хамгийн яаралтай шийдвэрлэх шаардлагатай сорилтуудын нэг гэж нэрлээд, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн саатлыг шүүмжилсэн юм.
Тэрээр Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн вето (“Вето” гэдэг үг нь латин гаралтай, “би хориглож байна” гэсэн утгатай. Энэ эрхийг ашигласнаар тухайн улс санал хураалтаар гарч ирсэн тогтоол, шийдвэрийг олонхийн дэмжлэг авсан байсан ч зогсоох, хэрэгжүүлэхээс хориглох боломжтой) эрх нь дэлхийн хямралуудад үр дүнтэй хариу үзүүлэхийг саатуулж байгаа тул яаралтай шинэчлэл хийхийг шаардаж, гишүүнчлэлийг өргөтгөх, вето хэрэглэх журмыг дахин авч хэлэлцэх шаардлагатай гэж мэдэгдэв.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын үндсэн зарчмуудыг эргэн дурсахдаа Ишиба, байнгын гишүүдийн санал нэгтэй байгаагүйгээс шалтгаалан Аюулгүйн Зөвлөл түгжигдэх тохиолдолд Ерөнхий Ассамблей арга хэмжээ авч болох “Энх тайвны төлөө нэгдэцгээе” тогтоолын ач холбогдлыг онцлон дурдсан байна.
Энэ тогтоол нь Ерөнхий Ассамблейг хамтын арга хэмжээ санал болгох, шаардлагатай бол хүч хэрэглэх хүртэлх алхам хийхийг зөвшөөрдөг. Палестинтай холбоотой 1970 оноос хойшхи тогтоолын төсөлд 46 удаа вето тавигдсан бөгөөд бүгдийг АНУ ашиглажээ.
Ишиба 2022 оноос эхлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд вето хэрэглэснийхээ дараа Ерөнхий Ассамблейн өмнө тайлбар өгөх ёстой болсон ч энэ нь хангалтгүй, илүү гүнзгий бүтэцчилсэн шинэчлэл хийхгүй бол үр дүнгүй гэж онцлов.
Тэрээр Япон, ХБНГУ, Энэтхэг, Бразилын хамтарсан G4 саналын хүрээнд тодорхой нөхцөлд вето эрхийг түдгэлзүүлэх санаачилгыг дэмжиж, илүү төлөөлөлтэй, хариу үйлдэл үзүүлэх чадвартай НҮБ-ын тогтолцоог бий болгохыг уриаллаа.
“НҮБ анх байгуулагдсан зорилгоо биелүүлж чадахаа больж байгаа нь надад гүнээ түгшүүр төрүүлж байна” хэмээн Ишиба мэдэгдээд, вето эрх нь олон улсын хууль, дэг журмын түүхэн сорилтын үед “шийдвэрийг парализад оруулж байна” гэв.
Тэрээр Палестины хөгжлийг дэмжих чиглэлд Японы оролцоог тодорхойлж, Саудын Араб, Франц, Норвеги, Испани болон бусад түншүүдтэй хамтран Палестины санхүүгийн хямралыг шийдвэрлэх санаачилга хэрэгжүүлж буйгаа зарлалаа.
Япон улс нийт 7'000 гаруй палестин албан хаагчдыг сургаж, засаглал болон нийтийн үйлчилгээг дэмжихэд нь тусалсан байна.
Ишиба Палестины эрх мэдэл (PA)-ийг олон улсын тавцанд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг уриалж, Хамасыг барьцаалагсдыг суллан, удирдлагыг PA-д шилжүүлж, улсын үр дүнтэй удирдлагыг хангахыг шаардлаа.
Тэрээр Израиль болон АНЭУ, Бахрейн, Марокко, Суданы хооронд байгуулсан “Абрахамын гэрээ”-г Иудей, Христ, Ислам гурван шашныг нэгтгэсэн нийтлэг өвийн дор Ойрхи Дорнодын энхтайвны “таатай хүрээ” гэж үнэлсэн байна.









