



















Кубын нийслэл Хавана хот хоёр дахь шөнөө цахилгаангүй харанхуйд өнгөрөөлөө. Цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил удааширч, тасалдсаар байгаа тул хэдэн сая хүн одоо ч цахилгаангүй байна.
Баасан гарагийн орой Хаванагийн дэд станц дээрх цахилгаан дамжуулах шугамд богино холболт үүссэнээр Кубын эрчим хүчний сүлжээ бүхэлдээ нурсан гэж албаныхан мэдээлсэн.
Эрчим хүчний системийг сэргээх ажил эхний ээлжинд эмнэлэг, усан хангамж, хүнсний үйлдвэр зэрэг зайлшгүй шаардлагатай салбаруудаыг нэн тэргүүнд цахилгаанаар хангах шаардлагатай байгаа аж.
Гэвч бямба гарагийн орой гэхэд Кубын хоёр том цахилгаан станц болох Хөлгуин муж дахь Фелтон станц болон Матансас дахь Антонио Гитеррас станцуудын аль аль нь цахилгаан үйлдвэрлээгүй байна.
Кубын цахилгааны асуудал хариуцсан албаны дарга Ласаро Герра оройн мэдээгээр хоёр цахилгаан станцыг шөнөдөө ажиллуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн ч сэргээх ажил удаан, болгоомжтой явагдах шаардлагатайг анхааруулсан байна.
Баруун хэсгийн Хавана, зүүн хэсгийн Сантьяго де Куба гэсэн Кубын хоёр том хотод цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээх оролдлого бүтэлгүйтсэн тул эрчим хүчний сүлжээг шинээр эхнээс нь сэргээх ажил дахин эхэлжээ.
Энэ удаагийн улсыг хамарсан цахилгаан тасалдал нь өнгөрсөн жилийн сүүлээр үргэлжилсэн томоохон тасалдлуудын дараа дахин давтагдаж буй бөгөөд шатахууны дутагдал, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Хавана хотоос бусад хотуудад сүүлийн саруудад өдөрт 20 цаг хүртэл үргэлжлэх хэсэгчилсэн цахилгаан тасалдал хэдийнээ хэвийн үзэгдэл болжээ.
Хавана хотод цөөн тооны зочид буудал генератор ашиглан цахилгаантай байсан бол гудамж талбай, гол замын гэрлэн дохио бүгд унтарч, орон сууцны хорооллууд харанхуй, ихэнх ресторанууд хаалттай байна.
Гэсэн хэдий ч Кубын Тээврийн яамнаас автобус, онгоцны хөдөлгөөн хэвийн үргэлжилж буйг мэдэгдсээр байгаа юм.
Хүнс, эм, шатахуун, усны хомсдол дээр нэмэгдээд удаан хугацааны цахилгаан тасалдал Кубын ард иргэдийн амьдралыг тэсвэрлэхийн аргагүй болгож байна.
"Их хэцүү байна. Цахилгаангүй болохоор хоолоо хадгалах боломжгүй болчихлоо" гэж Хавана хотын нэгэн хоолны газрын ажилтан Ласаро Хернандез ярьжээ. Тэрээр оройн хоолны хиам, бяслагаа хөргөх мөс хайж, гудамжаар хэсэж байлаа.
"Одоо хэдэн цаг цахилгаангүй байсныг ч мэдэхгүй байна. Хэзээ ирэхийг ч мэдэхгүй" гэж тэр хэлсэн.
Куба улс эдийн засгийн хүндрэлээ АНУ-ын Хүйтэн дайны үеийн эдийн засгийн хоригоос болсон гэж үздэг. Энэ хорио нь шатахуун, сэлбэг хэрэгсэл зэрэг зайлшгүй зүйлсийг худалдан авах, санхүүгийн гүйлгээ хийхэд ихээхэн саад учруулдаг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын коммунист удирдлагад чиглэсэн хоригоо чангатгаж, "Хатуу бодлого"-оо сэргээхээ амласан.
Куба улс сүүлийн жилүүдэд Хятадтай хамтран том хэмжээний улсын эзэмшлийн нарны цахилгаан станцууд барихад ихээхэн хөрөнгө оруулсан. Ингэснээр өндөр үнэтэй, олдоц муутай шатахуунаас хамаарлаа багасгана гэж найдаж байна.
Хавана хотын хөгжимчин Виктор Раул Брачо шиг олон Кубачууд амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг хичээж байна.
"Эдгээр асуудалд дассан юм биш л дээ. Гэхдээ амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээс өөр арга алга" гэж тэр хэлжээ.











