Жош Кушнер төдийлөн ярилцлага өгч, олон нийтийн өмнө гарч ирдэггүй. Гэсэн хэдий ч тэрээр сүүлийн үед томоохон хэлцэл, хөрөнгө оруулалтаараа олны анхаарлыг татах болсон.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийн төрсөн дүү Жош Кушнер Дисней компанийн гүйцэтгэх захирал асан Боб Айгертэй хамтран Лос-Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсноо зарласан юм.

Энэ нь түүний сүүлийн үед хийсэн олон томоохон хэлцэл, хөрөнгө оруулалтын зөвхөн нэг нь. Өдгөө 41 настай Кушнерийн үүсгэн байгуулсан венчур капиталын Thrive Capital компани хамгийн сүүлд 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татсан нь түүнийг бизнесийн ертөнцөд улам хүчирхэг тоглогч болгож байна.
Thrive Capital компани өөрийн боломжийн маш бага хэсгийг л ашиглаж байгаа гэж би боддог. Бид дөнгөж эхэлж байна гэж мэдэрдэг.
Жош Кушнер
Кушнер энэ оны хоёрдугаар сард өгсөн подкастын ярилцлагадаа ингэж хэлэхдээ үнэнч байдал болон даруу занг өөрийн удирдлагын үндсэн үнэт зүйлс гэж онцолжээ.
Тэрээр цааш нь:
Миний үг, манай компанийн үг бусад бүх зүйлээс илүү чухал гэдэгт би итгэдэг.
гэж хэлсэн байна.
Thrive Capital компани нь технологийн салбарын хамгийн нэр хүндтэй компаниудын заримд нь анхнаас нь хөрөнгө оруулсан байдаг.
Тухайлбал:
OpenAI
SpaceX
Spotify
Ким Кардашьяны үүсгэн байгуулсан SKIMS
A24 кино студи
зэрэг компаниуд багтдаг.
Мөн тус компани спортын салбарт хөрөнгө оруулалт хийж, Сан Франциско Giants бейсболын баг болон Miami Heat сагсан бөмбөгийн багийн цөөнгүй хувьцааг эзэмшдэг.
Нью-Йорк хотод төвтэй Thrive Capital нь мөн Thrive Holdings нэртэй салбартай. Энэ компани хиймэл оюун ухааны тусламжтайгаар уламжлалт, хуучин арга барилтай салбаруудыг шинэчлэхийг зорьж буй компаниудад хөрөнгө оруулдаг.
Кушнер хиймэл оюун ухааны ирээдүйн талаар маш өөдрөг байр суурьтай.
Тэрээр 2025 онд The Hill & Valley Forum технологи, бодлогын дээд хэмжээний уулзалтад өгсөн ярилцлагадаа:
Энэ бол бидний амьдралын хамгийн чухал мөч гэж би боддог. Олон талаараа хиймэл оюун ухааны ач холбогдлыг дутуу үнэлж байна.
гэж хэлжээ.
Кушнерийн Thrive Capital нь OpenAI-ийн хамгийн чухал хөрөнгө оруулагчдын нэг юм.
CNBC-ийн мэдээлснээр Thrive Capital 2025 оны арванхоёрдугаар сард OpenAI-д дахин 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Кушнер мөн OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмантай ойр хамтран ажилладаг.
Алтман 2024 онд Fortune сэтгүүлд Кушнерийн талаар:
Жош өндөр итгэл үнэмшилтэйгээр чанартай компаниуд болон үүсгэн байгуулагчдад томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Бусад хөрөнгө оруулагчид юу гэж бодож байгаад тэр нэг их санаа зовдоггүй.
хэмээн үнэлжээ.
Жош Кушнер Нью-Жерси мужид төрсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын магнат Чарльз Кушнерийн хүү.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, улс төрийн хүрээнд илүү алдартай болсон Жаред Кушнерийн дүү юм.
Тэдний эцэг Чарльз Кушнерийг Трамп 2020 онд өршөөсөн. Чарльз Кушнер өмнө нь 2005 онд холбооны татварын хууль зөрчсөн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлж байсан юм. Гэхдээ Жош Кушнер Трампын гэр бүлтэй холбоотой гэдгээ аль болох улс төрөөс тусгаар байлгахыг хичээж ирсэн.
Тэр загвар өмсөгч Карли Клосстой гэр бүл болсон. Тэд 2018 онд гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй.
Хосууд Met Gala зэрэг өндөр зэрэглэлийн арга хэмжээнд тогтмол оролцдог. Гэсэн хэдий ч Кушнерийн гэр бүлээс улс төр бүрэн тусгаар байх нь тийм ч амар биш.
Нэг удаа Project Runway реалити шоуны оролцогч Клоссын өмссөн даашинзыг шүүмжлэх үеэр:
“Кушнерүүдтэй оройн хоолонд ч очдоггүй гэж үү?”
хэмээн ёжтой хэлж байсан нь олны анхаарлыг татаж байв.
Клосс хожим өгсөн ярилцлагадаа:
Энэ улсын гэр бүлийнхээ улс төрийн үзэл бодолтой санал нийлдэггүй цорын ганц хүн нь би биш байх. ... Миний хань бид хоёр хамтдаа маш их зүйлийг туулсан. Тэр миний хамтрагч гэдгээрээ би маш их бахархдаг.
гэжээ.
Жош Кушнер өөрөө 2017 онд:
Либерал үнэт зүйлс миний амьдралыг чиглүүлж ирсэн бөгөөд өөртэйгөө ижил үнэт зүйлтэй улс төрийн удирдагчдыг дэмжиж ирсэн нь нууц биш.
гэж хэлж байв.
Oscar Health-ийг мөн байгуулсан
Кушнер 2012 онд Oscar Health хэмээх эрүүл мэндийн даатгалын компанийг мөн үүсгэн байгуулжээ. Тус компани АНУ-ын Affordable Care Act буюу эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд бий болсон даатгалын зах зээлийн боломжийг ашиглан анхны бизнесээ өргөжүүлсэн байна.
Oscar Health 2026 оны эхний хагаст түүхэн дэх хамгийн өндөр ашигтай үр дүнгээ мэдээлж, бүтэн жилийн санхүүгийн таамгаа мөн өсгөжээ.
Forbes сэтгүүлийн тооцоолсноор Жош Кушнерийн хувийн хөрөнгө ойролцоогоор 5 тэрбум ам.доллар байна. Гэхдээ түүний хийсэн бүх хөрөнгө оруулалт амжилттай байсангүй.
Тухайлбал, өнгөрсөн сард түүний Thrive Eternal компани FIFA-тай хамтран удахгүй болох ДАШТ-үүдэд хувийн хөрөнгө оруулагчдад эзэмшлийн хувь санал болгох маргаантай төлөвлөгөөнд оролцсон. Гэвч уг төлөвлөгөөг удалгүй цуцалсан юм.
FIFA-ийн мэдээлснээр уг хөрөнгө оруулалтаас олох байсан мөнгийг спортод буцаан хөрөнгө оруулах зорилготой байжээ.
CNN-ийн мэдээлснээр Кушнерийн Лос-Анжелес Лэйкерсийг худалдаж авах 12.5 тэрбум ам.долларын хэлцэл нь түүний спортын салбар дахь нэр хүндийг эрс өсгөж байна. Fordham University-ийн Gabelli School of Business-ийн хууль, ёс зүйн профессор Марк Конрад CNN-д цахим шуудангаар өгсөн ярилцлагадаа:
Лэйкерсийг худалдаж авсан нь FIFA-тай холбоотой маргааныг хурдан ардаа орхиж, спортын салбарт шинэ хуудас нээх арга болж байна.
гэж дүгнэжээ.
Тэрээр мөн:
Энэ нь түүнийг өмнөхөөсөө хавьгүй илүү олны анхаарлын төвд гаргаж байна.
хэмээн хэлсэн байна.









