
-Леброн Жэймс карьерынхаа сүүлчийн сонголтыг мөнгө, гэр бүлийн шалтгаанаар бус, аварга авахын төлөө хийснээ мэдэгдэв.
-Тэрээр 2026 оны плэй-оффын тоглолтоос хасагдсаны дараа зодог тайлах талаар нухацтай бодож байжээ.
-ESPN сувгийн мэдээлснээр Жэймс хоёр жилийн 8 сая ам.долларын гэрээ байгуулсан ч тоглогчийн сонголтоор гэрээгээ сунгах боломжтой.
-Түүний төлөө Кливленд, Майами, Голден Стэйт, Миннесота багууд өрсөлдсөн байна.
Хаан хочит Леброн Жэймс NBA дахь карьерынхаа сүүлчийн бүлгийг Филадельфиа 76 багтай бичихээр шийдсэнээ урд шөнө зарлалаа. Тэрээр илүү өндөр цалинтай саналуудаас татгалзаж, 43 жилийн турш аварга болж чадаагүй тус багийг аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд хүргэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна.
NBA-гийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч болох Лейброн Жэймс 24 дэх улиралд ямар багт тоглох талаар хэдэн долоо хоногийн турш сагсан бөмбөгийн ертөнцийн анхаарлын төвд байсан юм. Тэрээр шийдвэрээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлав.
Энэ бол миний сүүлчийн шийдвэр. Би мөнгөний төлөө биш. Би гэр бүлийнхээ төлөө ч биш. Энэ цаг үед би юуны төлөө тоглож байгаа юм бэ? Би өөрийгөө золиослохыг, хөдөлмөрлөхийг, тэмцэхийг, ялахыг, дахин аварга болох мэдрэмж авах боломжийн төлөө тоглохыг хүсэж ийм сонголт хийж байна.
Би Филадельфиа 76-ийг аваргын хэмжээний баг болоход тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Шинэ хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож, энэ гайхалтай аяллаа сүүлчийн удаа эхлүүлэх гэж байгаадаа маш их баяртай байна.
гэжээ.

Лейброн Жэймс гэрээний нөхцлөө өөрөө дэлгээгүй ч ESPN-ийн мэдээлснээр тэрээр хоёр жилийн 8 сая ам.долларын гэрээ байгуулж, тоглогчийн сонголтоор сунгах боломжтой аж. Энэ нь өнгөрсөн улиралд Лос Анжелес Лэйкерс багаас 50 сая ам.доллар давсан цалин авч байсантай харьцуулахад аваргын төлөө хийсэн их хэмжээний цалингийн бууралт болж байна.
Жэймс өнгөрсөн найман улирлыг Лэйкерст өнгөрүүлж, 2020 онд уг багийг аварга болгосон. Үүнээс өмнө тэрээр Кливленд Кавальерс багт хоёр удаа, Майами Хит багт дөрвөн улирал тоглож байсан юм.
Филадельфид тэрээр Жоэл Эмбийд, Тайриз Макси, мөн саяхан нэгдсэн Жэйлен Браун нартай хүчээ нэгтгэнэ. Жэймсийн шийдвэрийн дараа 76-ийн аварга болох магадлалын бооцоо 20:1-ээс 10:1 болж өссөн аж.
76 баг өнгөрсөн улиралд плэй-офийн тэмцээнээр Зүүн бүсийн долоодугаар байрыг авч плэй-оффт шалгарсан ч хожим аварга болсон Нью-Йорк Никс багт хоёрдугаар шатанд хожигдсон юм.
Пенсильвани мужийн захирагч, 76-ийн үнэнч хөгжөөн дэмжигч Жош Шапиро Леброныг угтан авч, 2026 оны долдугаар сарын 24-ний өдрийг "Леброн Жэймсийн өдөр" хэмээн албан ёсоор тунхагласан байна.
Жэймсийн төлөө Кливленд Кавальерс, Майами Хит, Голден Стэйт Уорриорс, Миннесота Тимбервулвз багууд өрсөлдөж байсан гэсэн явган яриа явдаг.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Түүний шийдвэрийг хүлээж NBA 2026-2027 оны улирлын хуваариа бүрэн гаргаж чадахгүй байсан юм. NBA-ын комиссар Адам Силвер хүртэл өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк дахь арга хэмжээний үеэр Жэймсийг шийдвэрээ яаралтай гаргахыг уриалж байсан.
41 настай Жэймс өнгөрсөн гуравдугаар сард Роберт Пэришийн эзэмшиж байсан NBA-гийн хамгийн олон тоглолтод оролцсон дээд амжилтыг эвдсэн.
Өнгөрсөн улиралд тэрээр 60 тоглолтод оролцож дунджаар:
20.9 оноо
6.1 самбар
7.2 оновчтой дамжуулалт
хийсэн ба хоёрдугаар шатанд Лэйкерс цувралд ялагдсаны дараа зодог тайлах талаар бодож байжээ.
Жэймс:
Улирал дуусахад би бараг дууссан гэж бодсон. Тухайн үедээ зарлахад бэлэн байгаагүй ч өөртөө хугацаа өгөх хэрэгтэй байсан юм. Би хамгийн сүүлчийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн шигээ энэ тоглоомд хайртай хэвээрээ юу гэдгээ өөрөөсөө асуух шаардлагатай байсан. Би энэ тоглоомд үнэхээр хайртай хэвээрээ, бас өгөх зүйл надад байсаар байгааг мэдэрсэн юм.
Сүүлийн хэдэн долоо хоног үнэхээр онцгой байлаа. Амьдралдаа анх удаа юу хийхээ мэдэхгүй хэсэг хугацаанд тайван бодож үзэх боломж олдсон. Намайг хайрладаг хүмүүсийн хамт ирээдүйгээ тунгаах үнэхээр гайхалтай сарууд өнгөрлөө.
гэсэн байна.
2024 оны аравдугаар сард Леброн болон түүний хүү Бронни Жэймс NBA-гийн үндсэн улирлын тоглолтод хамтдаа тоглосон анхны аав, хүү болсон нь түүний олон жилийн мөрөөдлийн нэгийг биелүүлсэн үйл явдал болсон юм.
Дөрвөн удаагийн NBA-ийн финалын MVP болсон Лейброн Жэймс 2018 онд Лэйкерст элссэн. Өнгөрсөн жил тэрээр Винс Картерын 22 улирлын амжилтыг давж, NBA-гийн түүхэн дэх хамгийн урт карьертай тоглогч болсон.
Түүнийг 2003 оны NBA драфтын нэгдүгээр сонголтоор төрөлх хотынх нь Кливленд Кавальерс баг сонгож байсан юм. Долоон улирлын дараа тэрээр телевизийн шууд нэвтрүүлгээр "The Decision" нэртэй тусгай хөтөлбөрөөр Майами Хит багт нэгдэж байгаагаа зарласан нь тухайн үед асар их шүүмжлэл дагуулж, Кливлендийн хөгжөөн дэмжигчид түүний 23 дугаартай өмсгөлийг олон нийтийн өмнө шатааж хариугаа авч байсан.
Майамид Дуэйн Уэйд, Крис Бош нартай хамтран хүчирхэг "Их гурав"-ыг бүрдүүлж, дөрвөн улиралд хоёр удаа NBA-ийн аварга болсон юм.
Дараа нь Кливлендэд эргэн ирж, 2016 оны NBA-ийн финалд 1:3-аар хожигдож явсан цувралыг эргүүлэн ялж, Голден Стэйт Уорриорс багийг буулган авч, төрөлх хотдоо түүхэн дэх анхны аваргын цомыг авчирчээ.
Хоёр жилийн дараа тэрээр дахин Кливлендээс явж, багийнхаа бараг бүх гол статистикийн үзүүлэлтээр түүхэн дээд амжилтын эзэн хэвээр үлдсэн бөгөөд Лос Анжелес Лэйкерс багтай нэгдэн карьерынхаа шинэ үеийг эхлүүлсэн байдаг. Магадгүй түүний өнөөдрийн сонголт гайхамшигтай түүхийг бичихгүй гэж хэн ч үгүйсгэж чадахгүй. Лейброныг зүгээр ч нэг ХААН гэж нэрлэдэггүй юм.









