
Товчоор:
-Тупак Шакурын 1996 оны аллагаас хойш 30 жилийн дараах анхны томоохон шүүх ажиллагаа юм.
-Дэвис өөрөө Тупак руу буудсан гэдгээ хүлээгээгүй ч буудсан этгээдэд бууг дамжуулсан, мөн халдлагыг зохион байгуулсан гэж прокурорууд үзэж байна.
-Невадагийн хуулиар өөрөө гох дарсан эсэхээс үл хамааран хүн амины хэрэгт буруутгах боломжтой.
Даваа гарагт АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод хип-хопын домогт уран бүтээлч Тупак Шакурыг 1996 онд буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй гудамжны гэмт бүлэглэлийн экс удирдагч Дуэйн ( хоч нь “Кеффи Ди”) Дэвисийн шүүх хурлын тангарагтны 12 шүүгчдийг сонгох ажиллагаа эхэллээ.
Өдгөө 63 настай Дэвисийг Кларкыг тойргийн шүүх галт зэвсэг ашиглан хүн амины хэрэг үйлдсэн гэх нэг л зүйл ангиар буруутгаж байгаа боловч тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн.

Прокурорууд Дэвисийг 1996 онд Лас Вегасын алдарт Стрип орчмын замд 25 настай домогт хип хопчин Тупак Шакурыг буудан хөнөөсөн халдлагыг зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. Түүнийг гэм буруутай нь тогтоогдвол өршөөлгүйгээр бүх насаар нь хорих ял өгөх боломжтой.
Тупак Шакур нь хип-хопын түүхэн дэх хамгийн амжилттай, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгт тооцогддог юм. Түүний аллага тухайн үеийн хип хоп хөгжмийн түүхэнд онцгой ул мөр үлдээсэн үйл явдал болсон.
Даваа гарагт шүүхэд 75 орчим боломжит тангарагтны шүүгчийг дуудан оролцуулж, тэднийг хэргийг шударга, тал тохой таталгүй шүүх боломжтой эсэх талаар асууж тодруулжээ.
Тангарагтны шүүгчдийг сонгох ажиллагаа хэдэн өдөр дарааалан үргэлжилж болзошгүй байна. Шүүгч Карли Кирнигийн удирдах тус шүүх хурал Лас Вегасын төв дэх шүүхийн байранд болох бөгөөд таван долоо хоног үргэлжлэхээр төлөвлөжээ.
Шүүх хурлын үеэр тухайн үед Тупактай хамт байсан, Death Row Records-ийг үүсгэн байгуулагчдын нэг Марион (хоч нь “Сүж”) Найт мэдүүлэг өгөх аж. Найт одоо өөр хэрэгт буюу санаатай бус хүний амь хөнөөсөн хэмээн буруутгагдан 28 жилийн хорих ялаа эдэлж байгаа юм.
Тупакийн үеэл гэж өөрийгөө танилцуулсан Уильям Лесане шүүхийн байрны гадаа сэтгүүлчдэд "энэ шүүх хурал нь гэр бүлийнх нь 30 жилийн уй гашуу, сэтгэл санааны шархтай холбоотой хүлээлтийн төгсгөл болж байна" гэжээ.
Тэрбээр:
Бид шинэ мэдээлэл олж мэднэ гэж найдаж байна. Хамгийн чухал нь Тупакийн аллагад жинхэнэ буруутай хүн ял сонсож, гэм буруутай нь тогтоогдоосой гэж хүсэж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
хэмээн ярьжээ.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр Дэвисийг Тупак болон түүний хамтрагчид MGM Grand казинод түүний төрсөн дүүгийн хүүг зодсон явдлын хариуг авах зорилготой халдлагыг зохион байгуулсан “Шийдвэр гаргагч” буюу бүлэглэлийн толгойлогч байсан гэж үздэг. Уг зодоон 1996 оны есдүгээр сарын 7-ны орой болсон байна. Тухайн хэрэг нь Лос-Анжелес орчмын хоёр гудамжны гэмт бүлэглэлийн хоорондын олон жилийн зөрчилдөөнтэй холбоотой байжээ.
Дэвис өөрийгөө South Side Compton Crips бүлэглэлийн тоогойлогч байсан гэж мэдэгдэж байсан бол цагдаа нар Тупакийн хамт явж байсан Найт болон түүний Death Row Records-той холбоотой хүмүүсийг Mob Piru бүлэглэлтэй холбоотой гэж үздэг байна.
Прокуроруудын үзэж буйгаар Дэвис аллагад ашигласан буунуудыг олж авч, дараа нь өөр хоёр хүнд өгсөн байна. Тэрбээр мөнөөх хоёр хүнтэйгээ цагаан өнгийн Каддилак автомашины арын суудалд суун, зодоонд оролцсон Найт болон Тупакын сууж явсан машиныг хайж явжээ. Удалгүй тэд Тупак, Найт нарын машинтай таарч, буудсан байна.
Тупак дөрвөн удаа буудуулж, зургаан хоногийн дараа эмнэлэгт нас барсан.
Тупакийн аллагын мөрдөн шалгах ажиллагаа бараг 30 жилийн турш ахицгүй шахам байсан ч 2018 онд Дэвис өөрийн үүргийн талаар олон нийтэд ярьж эхэлснээр хэрэг дахин сэргэсэн байна.
Цагдаагийн мэдээлснээр Дэвис ярилцлагууддаа болон 2019 онд хэвлүүлсэн “Compton Street Legend” нэртэй дурсамж номдоо тухайн үед цагаан Каддилак-ын урд зорчигчийн суудалд сууж явсан бөгөөд бууг арын суудалд сууж байсан хоёр хүний нэгэнд өгсөн гэж бичжээ.
Гэвч Дэвис ч, цагдаа нар ч Тупак руу яг хэн буудсан талаар мэдээлээгүй байна.
Тухайн автомашинд Дэвистэй хамт явсан бусад гурван хүн бүгд нас барсан юм. Невада мужийн хуулиар хүн өөрөө буу гарган буудаагүй байсан ч гэмт хэрэгт оролцсон нь тогтоогдвол хүн амины хэрэгт буруутгагдах боломжтой.
Дэвис өөрийн номондоо Тупак Шакур болон Нью-Йоркийн өрсөлдөгч рэппер Кристофер Уоллес (хоч нь The Notorious B.I.G.)-ийн аллагын аль алинд нь өөрийгөө удаан хугацаанд сэжигтнээр тооцож ирсэн гэж бичсэн байна.
Уоллес 1997 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотод буудуулж амиа алдсан бөгөөд түүний аллага өнөөг хүртэл мөнл тайлагдаагүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Уоллесийг Тупакийн аллагын өшөөг авах зорилгоор хөнөөсөн гэсэн таамаг олон жилийн турш яригдсаар ирсэн юм.









