Аргентины хөлбөмбөгийн домогт тоглогч Лионель Мессигийн аав, түүний төлөөлөгчөөр олон жил ажилласан Хорхе Месси 68 насандаа таалал төгсжээ.

Бямба гараг буюу өнөөдөр өглөө (Улаанбаатарын цагаар орой) Аргентины Росарио хотын Sanatorio Centro эмнэлэгт эмчлүүлж байхдаа Хорхе Месси таалал төгсжээ. Тус эмнэлгийн захирал доктор Карлос Макки Хорхе Мессиг өглөө эрт нас барсныг баталсан юм. Хорхе Мессигийн ар гэрийнхнийх нь хувийн нууцыг хүндэтгэн нас барсан шалтгаантай холбоотой ямар нэг нэмэлт мэдээлэл өгөхгүй гэж мэдэгдсэн байна.
Лионель Месси Европ руу шилжихээсээ өмнө өсвөрийн тоглогч нь байсан Росарио хотын Newell’s Old Boys клуб Хорхе Мессиг нас барсныг баталж, цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Тус клуб эмгэнэлдээ:
Алдарт leproso хөгжөөн дэмжигч (Newell’s-ийн хөгжөөн дэмжигчдийг ингэж нэрлэдэг), бизнес эрхлэгч, Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Андрес Мессигийн аав Хорхе Месси таалал төгслөө. Тэрээр эхнэр Селиа Куччиттинийн хамт бүх цаг үеийн шилдэг тоглогчийн замналд алсын хараа, хатуу зарчим, хайр халамжаараа түшиг тулгуур болж ирсэн.
гэжээ.
Мөн
Малвинас дахь анхны алхмаас нь эхлээд дэлхийн хөлбөмбөгийн оргилд хүрэх хүртэл Лионел Мессигийн карьерын алхам бүрийг дэмжиж, ард нь байж удирдан чиглүүлсэн түүний оролцоо, дэмжлэг үнэлж баршгүй. Лионелд клубыг хайрлах сэтгэлийг түүнд зааж өгсөнд баярлалаа.
хэмээн Newell’s Old Boys клуб онцолсон байна.

Хорхе Мессиг нас барсан тухай мэдээ тархсаны дараа дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөөс олон тооны эмгэнэлийн мэдэгдэл ирсээр байгаа аж.
Аргентины хөлбөмбөгийн холбоо (AFA)
Шигшээ багийн ахлагч, тус улсын хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг болсон Лионель Мессигийн аав Хорхе Месси нас барсанд гүнээ харамсаж байна.
хэмээн мэдэгдэлдээ бичжээ.
AFA мөн:
Энэ хүнд хэцүү цаг үед бид гэр бүлийнхнийх нь хамт байж, чин сэтгэлийн халуун дотно тэврэлт илгээж байна.
гэжээ.
Аргентины шигшээ баг “Fuerza Leo” буюу “Тэвчээрэй, Лео” гэсэн бичиг бүхий зураг нийтэлж, Мессигийн гэр бүлд сэтгэлийн дэм үзүүлсэн байна.
Шигшээ багийнхан эмгэнэлдээ:
Бид энэ хүнд хэцүү мөчид та бүхэнтэй хамт байна. Чамд болон гэр бүлд чинь чин сэтгэлийн тэврэлт илгээж байна.
гэжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL) мөн Хорхе Мессигийн нас барсанд Лионель Месси болон түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм өгсөн байна.
Леонил Месси НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) сайн санааны элчийн хувиар хамтран ажилладаг бөгөөд тус байгууллага Хорхе Мессиг нас барсанд эмгэнэл илэрхийлжээ.
UNICEF Хорхе Мессиг
Хүүхдийн эрхийн төлөө үргэлж тууштай ажилладаг, UNICEF-д дэмжлэг үзүүлдэг хүн.
хэмээн тодорхойлсон байна.

Хорхе Месси хүү Лионелийнхоо хөлбөмбөгийн замналаар өгсөх замд хамгийн чухал хүмүүсийн нэг байсаар ирсэн.
Тэрээр Лионелийн карьерын бүхий л гол үеүүдэд дэргэд нь байж, олон жилийн турш түүний төлөөлөгчөөр ажилласан юм.
Лионель Месси Барселона клубт дэлхийн хэмжээний од болон өсөж, дараа нь тус клубээс хүндхэн байдлаар салсан үе, Пари Сен-Жермен (PSG) болон Интер Майами клубүүдэд шилжсэн үйл явц, мөн Аргентины шигшээ багийн хамт дэлхийн аваргын цом хүртсэн болон хожигдсон мөчүүдийн турш Хорхе Месси хүүгийнхээ замналын ард байсан билээ.
Лионель Месси Аргентины шигшээ багт 20 гаруй жил тоглох хугацаандаа олон том ялалт, хүнд ялагдлыг туулсан бүхий л хугацааны турш Хорхе Месси түүний хамгийн ойрын хүмүүсийн нэг байсан юм.
Испанийн хөлбөмбөгийн хааны холбоо (RFEF) мөн эмгэнэл илэрхийлж,
Энэ гүн эмгэнэлт мөчид Лионель болон түүний ойр дотнын хүмүүст хайр, халамж, сэтгэлийн дэмээ илгээж байна.
гэжээ.

Хорхе Месси нас барсан тухай мэдээлэл нь түүний эрүүл мэндийн талаар гэр бүл нь олон нийтэд мэдээлэл хийснээс хэдхэн долоо хоногийн дараа гарч байна.
2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр гэр бүл нь Хорхе Мессигийн эрүүл мэндийн байдлын талаар анх удаа олон нийтэд мэдээлж, түүнийг эмчийн хяналтад байгаа мөн “Сэргэж, биеийн байдал нь нааштай сайжирч байгаа” гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч Хорхе Мессигийн нас барсан шалтгаан нь өмнө нь яригдаж байсан эрүүл мэндийн асуудалтай нь шууд холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Лионель Месси 2022 онд Катарт болсон ДАШТ-ний финалд Францын шигшээ багийг ялж, Аргентин дэлхийн аварга болсны дараа аав Хорхе Месситэйгээ баяраа хуваалцсан билээ.
Хорхе Месси хүүгийнхээ карьерын туршид зөвхөн аав нь төдийгүй түүний хамгийн ойрын зөвлөх, төлөөлөгч, дэмжигчдийн нэг байсаар ирсэн юм.









