



















Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний эрхэм найз, халамжит хань, хайртай ээж Ж.Болорхажид хүнд өвчний улмаас 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1983 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод мэндэлж, хүүхэд насныхаа мөрийг Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр 10 жилийн сургуульд үлдээсэн билээ. Өмнөө тавьсан зорилго, хүсэл тэмүүллийнхээ дуудлагаар Монгол Бизнес дээд сургуульд татварын эдийн засагч, Их Монгол дээд сургуульд сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж, мэдлэгийн баялаг ертөнцөд хөл тавьсан.
Тэрээр 21 жилийн туршид сэтгүүл зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн шилдэг тоймч байлаа.
2004 онд тэрээр "Монголын нэг өдөр" сонинд анхлан ажилд орсноор сэтгүүл зүйн гараагаа эхэлж, "Mongolian Mining Journal" сэтгүүл, Shuud.mn мэдээллийн сайтуудад сэтгүүлч, тоймчоор ажиллаж, улмаар “Зэрлэг алим” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан нь түүний сэтгүүлчийн замналын чухал үе байсан.
2012 оноос "Эрхэт Монгол медиа групп"-ийн харьяа Zindaa.mn сайтын сэтгүүлч, тоймчоор ажиллаж, 2018 оноос эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны даргаар томилогдон ажиллаж байв. Тэрээр улс орны эдийн засаг, банк санхүү, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа, анализ бүхий олон арван үнэ цэнтэй мэдээ, нийтлэл, ярилцлагуудыг туурвин үлдээлсэн. Түүний баримтад тулгуурласан, мэргэжлийн түвшинд бичигдсэн, тоо, судалгааны үндэслэлтэй нийтлэлүүд нь уншигчдын талархлыг хүлээж, Монголын эдийн засгийн сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмрээ оруулсан юм.
Өөрийн үнэнч хөдөлмөр, шургуу хичээл зүтгэлээр Монголын сайтын холбооны "Best Pen" шагнал, Хэвлэл мэдээллийн тэргүүний сэтгүүлч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн "Ган үзэг" шагнал, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, "Web Awards-2019" наадмын "Сайтын шилдэг сэтгүүлч" шагналын эзэн болж байсан нь түүний сэтгүүл зүйд үлдээсэн туурвил, нэр хүндийн тод илэрхийлэл билээ.
Бидний найз сэтгүүлч Ж.Болорхажид маань найз нөхөд, сэтгүүлчид дунд шулуун шударга, тууштай, хөдөлмөрч, үнэнч зан чанараараа дурсагдах болно.
Түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ug.mn ийн хамт олон









