



















Пүрэв гарагт Сикстиний сүмийн дээврээс мөнгөн утаа савсаж шинэ тэргүүн хамба тодорлоо. Ромын Католик Сүмийн 133 хамба нар санал хурааж АНУ-ын хамба Роберт Превостыг шинэ тэргүүн хамбаар сонгосон байна. Шинэ тэргүүн хамба Роберт Превост өөртөө "Лев XIV" нэрийг авсныг мөн мэдэгдлээ. Хамба Роберт Превост АНУ-аас сонгогдсон Католик шашны анхны тэргүүн хамба болж байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 133 хамба нар хоёр өдрийн турш хэлэлцсэний эцэст санал хураалтыг нууцаар явуулж шинэ тэргүүн хамбыг сонгодог бөгөөд шинэ тэргүүн хамбыг сонгосон мэдээг Ватиканы Сан-Петрийн талбайд цугласан олон мянган сүсэгтэн “Тэргүүн хамба түм бум насал" хэмээн уухайлан угтан авчээ.
Өмнөх тэргүүн хамба Францис 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд нас барснаас хойш 18 хоногийн дараа ийнхүү шинэ тэргүүн хамба тодорлоо. Энэ оны эхээр хоёр уушгиндаа хатгалгаа авч, хожим нь цус харвалт, зүрхний цусан хангамж дутагдлын улмаас тэргүүн хамба Францис нас барсан гэж Ватиканаас мэдэгдсэн. Тэрээр 2013 оны гуравдугаар сараас хойш 12 жилийн турш тэргүүн хамбын үүргийг нэр хүндтэй гүйцэтгэсэн юм.
Ромын Католик Сүм нь 1.4 тэрбум сүсэгтэнтэйгээр дэлхийн хамгийн том Христийн шашны урсгалуудыг тэргүүлдэг.
Католик шашны тэргүүн хамба нас барах хүртлээ, эсвэл тун ховор тохиолдолд огцрох хүртлээ энэхүү албыг хашдаг. Хамгийн сүүлд хугацаанаасаа өмнө албаа өгсөн тэргүүн хамба Бенедикт XVI байсан бөгөөд тэрээр Пап Францисын өмнөх тэргүүн хамба байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ тэргүүн хамбад баяр хүргэж “Шинэ тэргүүн хамба болсон Роберт Франсис Превост хамбадаа баяр хүргэе. АНУ-аас анхны тэргүүн хамба тодорсонд үнэхээр их баяртай байна. Манай улсын хувьд энэ бол гайхалтай, нэр төртэй үйл явдал. Би хамба "Лев XIV"-тай удахгүй уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол үнэхээр утга төгөлдөр мөч байх болно!” гэж мэдэгджээ.









