
Мягмар гарагт Дэлхийн хамгийн том төрийн мэдлийн баялгийн сан болох "Норвегийн баялгийн сан"-гийн гүйцэтгэх захирал Никoлай Танген:
Дэлхийн санхүүгийн зах зээл хүчтэй нуран унавал Норвегийн баялгийн сан 2 их наяд ам.долларын хөрөнгөө юу ч үгүй эсвэл ихэнхийг нь алдах эрсдэлтэй.
гэж анхаарууллаа.
Норвегийн баялгийн сан нь тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтоос олсон орлогоороо хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг юм.
Тус сангийн хөрөнгө сүүлийн арван жилд маш хурдацтай өсөж, 2017 онд 1 их наяд ам.доллар байсан бол өнөөдөр 2 их наяд ам.доллар болж өсжээ.
Мөн тус сан Норвеги улсын төсвийн зарцуулалтын дөрөвний нэгийг (25 орчим хувь) санхүүжүүлдэг болсон байна. Энэ үзүүлэлт арваад жилийн өмнө ердөө 10 орчим хувьтай байжээ.
Николай Танген Норвегийн өмнөд хэсгийн Арендал хотод болсон бага хурал дээр:
Би та нөхдөөс газрын тосны сан маань алга болж болох уу гэсэн асуултыг тавьж, бид ийм нөхцөл байдалд орвол сэтгэлзүйн хувьд бэлэн байхыг уриалж байна.
гэжээ.
Түүний хэлснээр, энэ асуултын хариулт нь алга болно буюу “тийм” аж.
Тэрээр цааш нь:
Өнөөгийн бидний амьдарч буй дэлхийд ийм зүйл огт болохгүй гэх нь утгагүй.
гэжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Николай Танген сүүлийн 30 жилийн хугацааг эргэн харахад татвар, инфляц болон зээлийн хүү харьцангуй бага байж, “Хөрөнгө оруулагчдын хувьд онцгой таатай эрин үе” үргэлжилсэн гэж үзэж байна.
Түүний хэлснээр, газрын тосны сангийн өндөр өсөлт чухам энэ “Онцгой таатай эрин үе”-ийн нөхцөлд бүрдсэн аж.
Би ‘онцгой таатай эрин үе’ гэдэг үгийг онцолж байна. Учир нь газрын тосны сан маань яг бидний амьдарч буй үед өссөн.
гэж Николай Танген онцолжээ.
Тэрээр өнөөгийн нөхцөл байдалд нь 1929 оны "Их хямрал"-ын өмнөх үеийн зарим шинж тэмдэгтэй төстэй байгааг онцолжээ.
Тэдгээрийн нэг нь татвар буюу импортын гаалийн татварын өсөлт, худалдааны саад бэрхшээл аж.
Хэдий муу мэдээ олон байгаа ч дэлхийн хөрөнгийн зах зээл өссөөр байгааг Николай Танген онцолсон байна.
Тэрээр:
Эдийн засаг өмнөх үеийнхээс илүү тэсвэртэй болсон нь сонирхолтой. Компаниуд нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулж, нөөц хувилбаруудыг бий болгож, нийлүүлэлтийн системээ ерөнхийдөө илүү уян хатан болгосон.
гэжээ.
Түүнчлэн:
Хэрэв хоёр жилийн өмнө хэн нэгэн татвар, худалдааны саад бэрхшээл нэмэгдэнэ гэж таамагласан бол эдийн засаг өнөөдрийнх шиг тэсвэртэй байна гэж төсөөлөхгүй байсан байх. Гэхдээ эдийн засаг үнэхээр тэсвэртэй байна.
хэмээн Танген онцолжээ.










