
Монголбанк БНСУ-ын Төв банк болон тус улсын Донгкук их сургуультай хамтран “Мэдлэг, түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн нээлтийн семинарыг 2026 оны 8 дугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
БНСУ-ын Төв банк бүс нутгийн төв банкуудтай хамтран KPP хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголбанк энэхүү хөтөлбөрийг 10 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Төв банк болон тус улсын тэргүүлэх их, дээд сургуулийн профессор, судлаачид Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын тулгамдсан асуулаар хамтарсан судалгаа хийж, бодлогын зөвлөмж, техникийн дэмжлэг үзүүлдэг.

Энэ удаагийн төсөл нь зээлийн мэдээллийн чанар, стандартчлал, мэдээллийн системийн харилцан уялдааг сайжруулж, зээлийн мэдээллийг макро зохистой бодлого боловсруулах, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх, хяналт-шинжилгээнд илүү үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Нээлтийн семинарын үеэр төслийн зорилго, хамрах хүрээ, арга зүй, хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, Монгол Улсын зээлийн мэдээллийн тогтолцоо, мэдээллийн урсгал, системийн уялдаа холбооны талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлэв. Ингэснээр төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, арга зүйн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрч, дараагийн шатны ажлын төлөвлөгөөг тодорхойллоо.

Төслийг Монголбанкны холбогдох газар, нэгжийн төлөөллөөс бүрдсэн судалгааны баг БНСУ-ын Төв банк, Донгкук их сургуулийн профессор, судлаачидтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын зээлийн мэдээллийн тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлэх, мэдээллийн чанар, системийн уялдаа холбоог сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, макро зохистой бодлогын хэрэгжилтийг дэмжих бодлогын зөвлөмж, практик шийдлийг боловсруулахад чиглэж байна










