



















ОХУ “Google” компанид тоолж барамгүй их торгууль ногдуулжээ. Тус компани нь YouTube суваг дээрх ОХУ-ыг дэмжигч сувгуудыг хаасан учраас анх тавьсан торгуулийн хэмжээ өдөрт хоёр дахин нэмэгдэж хуримтлагдсаар байгаад 2-ын ард 36 тэг буюу 20 “децилион” доллар болж байна.
Олон улсын валютын сангийн тоо баримтаас харахад манай дэлхийн ДНБ л 110 их наяд ам.доллароор хэмжигддэг.
Өөрөөр хэлбэл манай дэлхийн улс орнуудын ДНБ нийлээд 110 их наяд доллар гэдэг нь ОХУ-ын “Google”-д тавьсан торгуулийн дэргэд дэндүү даруухан үзүүлэлт юм. Тэгвэл Google-ийн толгой компани “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 2 их наяд доллар юм.
“ТАСС” агентлагийн мэдээлж байгаагаар 2022 онд ОХУ-ын дээд шүүх “Google” компанид тус улсын дэмждэг YouTube сувгуудыг сэргээхийг даалгасан шийдвэрийг гаргаж байв. Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков пүрэв гаригт энэ торгуулийн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа,
"Энэ тоог ч зөв хэлж чадахгүй" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ “Google” манай “Царград”, РИА ФАН тэргүүтэй “YouTube” сувгуудыг эргэн сэргээх ёстой гэж мэдэгджээ.
Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа “Google”тус улс дахь ажиллагаагаа хязгаарласан. Гэхдээ Америкийн бусад технологийн компаниуд шиг бүрмөсөн хаяж гараагүй. “Google” хайлт хийх, “YouTube” ашиглах зэрэг олон үйлчилгээг ОХУ-д ашиглах боломжтой хэвээр байна. Гэхдээ ОХУ Украинд халдан довтолсноос хагас жилийн дараа “Google”-ийн Орос дахь салбар дампуурлаа зарлаж, засгийн газар дансыг нь хяналтдаа авсан байдаг.
Дециллион бол манай монгол мөнгөөр Эрхэт хэмээх тоо юм.









