



















Ромын Пап Франциск тэнгэрийн орноо заларсантай холбоотойгоор олон улсын удирдагчид түүний талаар эмгэнэлээ илэрхийлсээр байна. Тэдгээр удирдагчдын эмгэнэлд Пап Францискийг дэлхийн эмзэг бүлгийн иргэдийн төлөө байсан хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлэн, хүндэтгэл үзүүлж байгаа аж.
Израйл Улсын Ерөнхийлөгч Исаак Херцог
Израйлийн Ерөнхийлөгч Исаак Херцог эмгэнэл илэрхийлж, Пап ламыг гүн итгэлтэй, энхтайваныг эрхэмлэгч, нигүүлсэнгүй нэгэн байсан хэмээн үнэлсэн байна. Тэрээр Папын ядуусыг дэмжих, энхтайваныг эрэлхийлсэн хүчин чармайлтыг онцолж, Еврей ертөнцтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг сайшаасан. Ерөнхийлөгч Херцог Ойрх Дорнодод энхтайван тогтож, Газад буй барьцаалагдсан хүмүүс аюулгүй эргэн ирэхийн төлөө Папын залбирал биелэх болтугай хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Нидерланд Улсын Ерөнхий сайд Дик Скёоф
Нидерландын Ерөнхий сайд Дик Скёоф Пап Францискад хүндэтгэл үзүүлж, түүнийг бүх талаар “Ард түмний хүн” хэмээн нэрлэсэн байна. Тэрээр Папын энгийн амьдралын хэв маяг, үйлчлэл, энэрэнгүй сэтгэл болон бидний үеийн тулгамдсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдлыг онцлон дурдаад Папыг католик болон католик бус шүтлэгтэй олон хүний хувьд үлгэр дуурайлал байсныг тэмдэглэжээ. Тэрээр папыг гүн хүндэтгэлтэйгээр дурсан санах болно гэсэн юм.
ХБНГУ-ын Ерөнхий сайд (удахгүй болно) Фридрих Мерц
ХБНГУ-ын Ерөнхий сайд удахгүй болох Фридрих Мерц Папыг нийгмийн сул дорой хэсгийн төлөө тууштай зүтгэж байсныг нь сайшаахын зэрэгцээ түүний даруу зан, бурханы өршөөлийг итгэл үнэмшлээрээ тууштай дагаж байсныг дурдсан байна.
Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Папыг харгислалд өртөж буй хүмүүсийн төлөө тууштай дуу хоолой болж байсныг нь онцлсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Таны 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь монгол түмний төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох, оюун санааны эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх үзэл санааг дэлхий дахинаа сурталчлан таниулж, манай хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал байсан билээ. "Монголын талын анир чимээгүй, амар амгаланг бид сайн ойлгож авах хэрэгтэй. Ухаж бодохоосоо илүү мэдрэмжээрээ ойлгож болох байх" гэж манай орны талаар даян дэлхийд хандаж хэлсэн таны халуун дотно сэтгэлийн үг миний сэтгэл зүрхэнд үргэлж тод байдаг. Эрхэм хүмүүн Таны мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хийсэн айлчлал элгэмсэг дотно, халуун дулаан, энэрэл нигүүлслийн сэтгэлээр дүүрэн сайхан уур амьсгалд болсныг, мөн Монголын ард түмэнд хандаж хэлсэн таны чин сэтгэлийн үгсийг монголчууд бид үүрд дурсан санах болно" гэжээ.











