



















Өчигдөр ПАРИС 2024 олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгох засгийн газрын шийдвэр гарсан. Парис 2024 зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх “Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд түрүүлж, паралимпын аварга болсон У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол,
Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд Монгол Улсын гавьяат тамирчин цол,
“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын хөнгөн атлетикийн мөнгөн медальт ОУХМ Ц.Баттулгад Монгол Улсын Гавьяат Тамирчин
“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэд Сүхбаатарын одон,
“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын паурлифтингын төрлөөс мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ нарт Сүхбаатарын одон гардууллаа.
Манай улс олимпын наадамд оролцож эхэлсний 60, паралимпод оролцож эхэлсний 24 жилийн ой дээр ийнхүү нийт 1 алт, дөрвөн мөнгөн медальтай бахархам амжилттай оролцлоо. Өнөөдөр дэлхийн тавцанд Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөсөн тамирчдаа алдаршуулахаас гадна Монгол улсын гавъяат дасгалжуулагч цолоор Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Бахаашийрий нарыг шагнасан бол Сүхбаатарын одонгоор дасгалжуулагч Дашийн Баттулга, М.Бундмаа, Д.Нямхүү нарыг мөн Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Раднаа гуайг Сүхбаатарын одонгоор тус тус шагналаа. Харин алтан гадас одонгоор паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номинг шагнасан юм.









