



















Өнгөрөгч ням гарагт Гэгээн ширээт улсын Их хамба Францискийн оршуулах ёслол болсон. Тэгвэл Пап Францискийн орыг хэн залгамжлах вэ гэсэн асуулт хариултаа хүлээж эхэллээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг их гүрэн АНУ-аас дараагийн Пап сонгогдох боломжтой юу гэсэн асуултыг тус улсын хэвлэлүүд хөндсөөр байна. Папын орыг залгах боломжтой олон тооны нэр яригдаж байгаа ч хэн дээр тогтохыг урьдчилан таамаглахад тун хүнд ажээ.
Ирэх “Конклавт” (Ромын Католик шашны Пап ламыг сонгох үйл явц) оролцох кардиналуудын 80 орчим хувийг талийгаач Пап өөрөө томилсон ба тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, бие биеэ сайн танихгүй тул сонголт ихээхэн төвөгтэй байх болно.
Америк хүн Папын орыг залгамжлах тухайд боломж байж болох ч магадлалын хувьд ч улс төр, олон улсын нөлөөний хувьд ч үнэндээ тун бага хэмээн профессор Билл Кавано хэлсэн.
Тэрээр хэрвээ америк хүн сонгогдох бол тэр нь Нью-Йоркийн архиепископ (Католик шашны томоохон сүм хийдийг удирддаг дээд түвшний хамба нарыг хэлдэг) кардинал Жозеф Тобин болон Чикагогийн архиепискол кардинал Блэйс Купич нарын нэр яригдах боломжтой гэжээ. Гэхдээ л тэд сонгогдох магадлал бага аж.
Шинжээч Антиа Батлерийн үзэж байгаагаар дараагийн Пап нь Ази эсвэл Африк тивээс сонгогдох магадлалтай. Тухайлбал Филиппиний кардинал Луис Антонио Тагле бол боломжит нэр дэвшигч, тэр католик шашны сүсэгтнүүд эрчимтэй өсөн нэмэгдэж буй бүс нутгийг төлөөлөхөөс гадна олон урсгалын католикчуудад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой гэжээ.
Харин Африкаас Гвинейн кардинал Роберт Сара болон Ганын кардинал Питер Турксон нарын нэр мөн яригдаж байгаа ч улс төрийн байр сууринаас шалтгаалж тэдний сонгогдох боломж эргэлзээтэй.
Шинжээчид “Гэгээн ширээт улсын их хамбаар яг хэн сонгогдохыг урьдчилан хэлэх аргагүй, ямар ч гэнэтийн сонголт гарах боломжтой” гэдгийг онцолсон байна.
“Конклав" гэдэг үг нь латинаар cum clave буюу "түлхүүртэй хамтдаа" гэсэн утгатай, учир нь кардиналууд (кардинал лам нар) шинэ Папыг сонгох хүртлээ (Ватиканд-Гэгээн ширээт улс гэж Монгол хэлэнд сүүлийн үед орчуулдаг болсон) түгжигдэж, гаднын нөлөөнөөс тусгаарлагддаг.
Конклав нь Ромын Пап лам нас барах эсвэл огцрох үед зохион байгуулагддаг байна.
Сонгуульд зөвхөн 80-аас доош настай кардиналууд оролцох эрхтэй.
Кардиналууд Систиний сүмд (Sistine Chapel) цугларч, нууцаар санал өгдөг.
Шинэ Пап сонгогдох бол гуравны хоёр (2/3)-ийн санал авах шаардлагатай.
Сонголт дуусмагц, зуухнаас цагаан утаа гаргаж олон нийтэд амжилттай болсон тухай мэдэгддэг.
Харин сонгогдоогүй бол хар утаа гардаг байна.











