



















Монгол түмний өв уламжлалыг өртөөлөн, хайруу өвлийг энх мэнд давж, хайлган цаг наашиллаа хэмээн билэгшээн тэмдэглэдэг хаврын баяр бол Цагаан сар билээ. Сар шинийн баяр бол зөвхөн шинэ жилийг угтах төдий бус, эртний ёс заншил, нэгдэл, хүндэтгэлийг агуулсан гүн хүндэтгэл, ёс уламжлалын үргэлжлэл болдог утга яруу баяр билээ. Цагаан сар нь өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж, эрүүл энх, элбэг хангалуун амьдралын эхлэлийг бэлгэдсэн цаг хугацааны шинэ мөчлөг юм.
Монголчууд бид Цагаан сараар ахмадуудаа хүндэтгэн амар мэндийг эрэн золгож, ахас дээдсийн сургаал үгийг сонсохыг эрхэмлэдэг. Энэ нь зөвхөн гэр бүлийн хүрээнд бус, нийт нийгэмд хүндэтгэл, эв нэгдэл, ёс зүйг төлөвшүүлэх чухал уламжлалын биелэл юм. Цагаан сарын өмнөх өдөр “битүүлэх” зан үйл хийж, хуучин оны алив бүхнээ цэгцэлж, гэр орноо цэвэрлэн, сэтгэл юугаа ариусгаж, ирж буй жилдээ муу бодол, бохир, буртаггүй байхыг билэгшээдэг уламжлалтай.
Мөн шинийн нэгэнд хамгийн түрүүнд байгаль дэлхий, уул усандаа хүндэтгэл үзүүлж, зүг мөрөө гаргах нь ирж буй жилийн өнгийг зөв эхлүүлэх ерөөл бэлгэдэлтэй салшгүй холбоотой. Монголчууд бидний аж байдал, ахуй амьдрал мал аж ахуйд тулгуурласан хэв маягтай багөөд байгальтайгаа зохицон орших ёстойг сануулж, сар шинэ бол зөвхөн хүмүүсийн бус, бүх амьтай, амьгүй юмсын сэргэлт, сэргэн мандалтын эхлэл гэдгийг ойлгуулдаг гүн ухааны ойлголт ч давхар агуулагдана.
Цагаан сар бол зөвхөн баяр төдийгүй шинэ цагийн эхлэл, сайн сайхныг билэгшээх, өнгөрснөө эргэцүүлэн тунгаах мөч юм. Өнгөрсөн жилийн алдаа, сургамжаа бодож, шинэ онд илүү сайн байх, эрүүл амьдрах, эв найртай байх, ажил үйлсээ бүтээх зорилго тавьдаг. Монголчууд “Сайхан шинэлж байна уу, сайхан шинэлж байна аа ” гэж бие биедээ ерөөх нь ердийн нэг мэндчилгээ бус, ирээдүйн амьдралын өнгийг тодорхойлох сайн үгийн эрчим үүсгэх гэсэн гүн утга бүхий мэндчилгээ юм.
Мөн сар шинийн баяраар элбэг дэлбэг байхын билгэдэл болгож, уламжлалт хоол зоогоо дэлгэн, айл хэсч,амар мэнд мэдэн, аз жаргалыг түгээдэг. Энэ нь зөвхөн хоол хүнсээр биш, сэтгэлийн хуваалцал, халуун дулаан уур амьсгал, харилцааны уламжлалт соёлоор дамжин илэрдэг.
Цагаан сар бол зөвхөн баяр төдийгүй Монгол үндэстний оюун санааны өв, соёлын дархлаа, эв нэгдлийн илэрхийлэл гэж ойлгож болно. Энэхүү баяр бидэнд ёс уламжлалаа нандигнан хадгалах, хойч үедээ өвлүүлэх, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, ахмадуудаа хүндэтгэх, гэр бүлийн үнэ цэнийг мэдрэх зэрэг олон чухал зүйлийг сануулдаг бидний уламжлалт баяр, хүндэтгэм ёс билээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!











