“Таныг 5 үгээр-Нарангийн Өнөрцэцэг”
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг таван үгээр...
МӨС ЗҮСЭГЧ: Монголын сэтгүүл зүйн салбарын шинэ өнгө. Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт анхны видео сайтын хэлбэрийг нэвтрүүлсэн. Салбарынхаа мөс зүсэгч. Тэрээр хаалттай хаалганы цаана өрнөж байгаа далд луйврыг ил болгож салбарынхаа хөгжлийг шинэ шатанд гаргасан.
БАРИМТААР НААДАГЧ : Өнөрцэцэг баримтын хойноос биш баримт түүний хойноос ирдэг болсон ‘’иргэдийн дуу хоолой’’. Хөгжлийн банкийг тонож хөлжсөн эрх баригчдыг баримтаар зодож байранд нь тавьсан. Амьгүй албат болтлоо илжирсэн АТГ, Цагдаа, хүчний байгууллагын үнэн төрхийг хуулагч.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ: Хөгжлийн банк, батлан хамгаалахын салбар, ЖДҮ, боловсролын зээлийн сан, эрх баригчдын ханцуй доторх наймаа гээд өнгөрсөн хугацаанд нийгэмд бөмбөг тэсэлж нийгмийн нүдийг нээсэн.
УЛС ТӨРИЙН ЗОЛИОС: Улс төрчдийн бохир тоглоомын золиос. Өнгөрсөн хугацаанд нийгэмд шүгэл үлээж, шуугиан тарьж, улс төрчдийг баримтаар багалзуурдсан. Багтартлаа багалзуурдуулж амь тавих шахсан эрх мэдэлтнүүд Өнөрцэцэгийг салбартай нь хамт шахаж байна.
ЭЭЖ: Халгиж, цалгисан, өгөөмөр нэгэн. Бусдын зовлонг өөртөө тээж амьдарсан тэрээр нийгмийг хөдөлгөгч хүч байсан. Энэ хүчээр ядарсан, зүдэрсэн, зовсон иргэдэд амьдралын шинэ үүд хаалгыг нээж өгсөн. Гэвч бид түүний нийгэмд гүйцэтгэсэн үүргийг умартаж хаалттай хаалганы цаана мартжээ. Өөрийгөө мартаж, өрөөлийн төлөө шатаж ажилласан түүнийг өнөөдөр хэн зүрх сэтгэлээсээ хүлээж байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд үр шимийг нь хүртсэн нийгэм биш өөрийнх нь өрцнөөс унасан өөдөсхөн хоёр үр нь л хүлээж сууна. Тэрээр тэгтлээ тэмүүлсэн эрх чөлөөгөө хас уулаад 135 хонож байна.