





















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг, сүслэн дээдэлдэг монгол түмэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2025 он Байгаль орчны салбарт онцлох үйл явдлаар арвин жил өнгөрч байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2035 он хүртэл хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэн тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Улмаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур, Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын холбооны Улстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Улс орнуудтай Засгийн хоорондын хэлэлцээрийг байгуулснаар карбон кредитийн механизмыг хэрэгжүүлж, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн байгаль орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай зэрэг бүхий л салбарт ногоон шилжилтийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэв.
Мөн сүүлийн таван жилийн турш хүлээгдсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг баталгаажуулах УИХ-ын тогтоол гарлаа. Энэхүү тогтоол гарснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 0.8 хувиар нэмэгдэж 32.5 сая га буюу 20.8 хувьд хүрээд байна.
"Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих шаардлага" хотын стандартыг мөрдүүлэх зорилгоор албан даалгавар гаргав. Байгаль орчны хяналтын улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл 208 дугаар тогтоолоор сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй бол ТЗ-7 ангилалд хамаарахаар тогтоолыг баталлаа.
Эрээн нуур, Ганга нуур, Өгий нуур зэрэг экологийн ач холбогдол бүхий нууруудыг бохирдлыг бууруулж, нөхөн сэргээж, Шинэ Хархорум хотын усан хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэж, нэг нуур, нэг сум төслийг эхлүүлэв.
Цаг уурын өндөр хурдны супер компьютерыг ашиглалтад оруулж, үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдүүлж, агаарын чанарын хяналтын улсын сүлжээг өргөжүүлж, журам мөрдүүлж эхлээд байна.
Хүрээлэн буй орчны зөрчлийг мэдээлэх, хянах цахим платформыг нэвтрүүллээ. Шинэ Хархорум хот байгуулах суурьшлын бүсэд ногоон байгууламжийн зориулалтаар 1500 га талбайг ойжуулах ажлын хүрээнд хамгаалалтын хашаа бүхий нийт 799.0 мянган ширхэг мод тарилаа. Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг нутагшуулах төслийг эхлүүллээ.
Байгаль орчны салбарынхны хувьд ирэх онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах нөр их ажил хүлээж байна. Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулах, салбарын бодлогын томоохон өөрчлөлт, хуулийн шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтүүдээс эхлээд бодлогын хувьд ихээхэн өөрчлөлт орох шинэ он ирж байна.
Эх болсон байгаль дэлхийгээ эзний ёсоор хайрлан хамгаалцгаая.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе.
#COP17









