



















Шон “Дидди” Комбсын өмгөөлөгчид Лос Анжелес, Майами дахь гэрт нь хийсэн нэгжлэгийн үеэр олдсон зарим нотлох баримтыг хэрэгсэхгүй болгуулахыг шаардаж байгаа бөгөөд холбооны мөрдөгчдийг нэгжлэгийн зөвшөөрөл авахдаа худал мэдээлэл өгсөн гэж буруутгаж байна. Энэ талаар шинэ шүүхийн бичиг баримтад дурджээ. 55 настай хөгжмийн ертөнцийн нэр хүндээ алдсан бизнесмэн Пап Даддигийн өмгөөлөгчдийн мэдэгдсэнээр, холбооны мөрдөгчид нэгжлэг хийх зөвшөөрөл хүсэхдээ “Худал мэдүүлэг өгч, чухал нотлох баримтуудыг зориуд орхигдуулсан” аж. Энэ нь Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн холбооны шүүхэд ням гарагт өргөн баригдсан өргөдөлд тусгагдсан байна.
Холбооны мөрдөгчид нэгжлэгийн зөвшөөрөл авахдаа нэгэн хохирогчийн нэр дурдагдсан "Freak-Off" нэртэй секс үдэшлэгүүдэд оролцсон байдал нь “Өөрийн хүсэлтээр, сайн дураар” болсон болохыг илтгэх нотлох баримтыг орхигдуулсан гэж өмгөөлөгчид үзэж байгаа аж. Харин улсын яллагчид уг үйл явдлыг “Албадлагаар оролцуулсан” мэтээр тайлбарласан гэж тэд мэдэгджээ.
“Мөрдөн байцаалтыг үндэслэл болгон гаргасан тайлбарууд зориудаар төөрөгдүүлэх шинжтэй байсан” гэж өмгөөлөгчид бичсэн байна. “Гэхдээ энэ арга нь амжилттай хэрэгжсэн – Улсын яллагчид зөвшөөрөл авч, олон нийтэд сөрөг мэдээлэл цацаж, дараа нь Комбсын байршлуудад цэргийн ажиллагаа мэт нэгжлэг хийсэн” гэж тэд үргэлжлүүлэн бичжээ.
“Энэхүү залилангийн аргаар улсын яллагчдын олж авсан нотлох баримтуудыг – түүнд хамаарах олон тооны цахим төхөөрөмжүүд, түүний хувийн амьдралтай холбоотой асар их мэдээллийг олж авсан бөгөөд ингэснээр шударга бус, тактикийн томоохон давуу байдал бий болсон.” гэж өмгөөлөгчид үзэж байгаа аж. Нотлох баримтын ихэнх нь нууцлалтай хэвээр байгаа тул яг ямар мэдээлэл зориудаар орхигдуулсан талаар тодорхой дурдагдаагүй байна. “Зөвшөөрлийн хүрээ хэтэрхий өргөн байсан” гэж уг өргөдөлд онцолжээ.
“Улсын яллагид ноён Комбсын бүхий л амьдралыг гэмт хэргийн сүлжээ мэтээр авч үзэн, уг ‘сүлжээтэй’ холбоотой бүх нотлох баримтыг хураах өргөн эрх мэдэл олж авахыг зорьсон – түүний бүх цахим төхөөрөмжүүд болон тэдгээрийн мэдээллүүд, iCloud дансны бүх мэдээлэл, гэрт нь байсан бараг бүх бичиг баримт, эд зүйлс. Эдгээрийн ихэнх нь ямар ч хууль бус гэмт хэргийн шинж чанаргүй” гэж дурджээ.
"Bad Boy Records"-ийн үүсгэн байгуулагч Шон Комбс өнгөрсөн есдүгээр сард гэрт нь нэгжлэг хийсний дараа холбооны шүүхэд "Бэлгийн мөлжлөгийн хэрэг"-ээр яллагдагчаар татагдсан.
Түүнийг хохирогчдод манипуляц хийж, мансууруулах бодис өгч, “Freak-Off” гэх нэртэй хүчирхийллийн шинжтэй секс үдэшлэгүүдэд оролцуулж байсан гэх аймшигтай баримтууд холбооны яллах дүгнэлтэд тусгагдсан. Үүний зэрэгцээ зарим оролцогчдын хүсэлгүйгээр тэднийг бичлэг хийж байсан гэх мэдүүлэг гарчээ. Түүнийг баривчилснаас хойш олон тооны иргэний нэхэмжлэлүүд гарч, өнгөрсөн хэдэн арван жилд үйлдэгдсэн гэх хүчирхийллийн хэргүүдийг сөхөж эхэлсэн. Комбсын өмгөөлөгчид эдгээр иргэний нэхэмжлэлүүдийг “Ичгүүргүй пиарын арга” хэмээн нэрлэжээ. Холбооны хэргээр буруутгагдаж буй Комбс гэм буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд одоогоор Бруклин хотын холбооны шоронд хоригдож байгаа бөгөөд шүүх хурал нь тавдугаар сард болохоор товлогдоод байна.









