



















“Таныг 5 үгээр”-Дашзэгвийн Амарбаясгалан
УИХ-ын 12 дахь дарга Д.АМАРБАЯСГАЛАН
1990 оноос хойш өнөөг хүртэл буюу 24 жилийн хугацаанд Монгол Улс 12 дахь УИХ-ын даргын нүүрээ үзэж байна. Улс төрийн түүхээс харвал, Дашзэгвийн Амарбаясгалангийн өмнө 11 хүн УИХ-ын даргаар ажиллажээ. Д.Амарбаясгалан даргын хувьд 126 гишүүнтэй Монголын анхны парламентыг удирдах болсноороо илүү онцлогтой. Ингээд УИХ-д сонгогдсон 126 гишүүний тав нь татгалзасан ч, олонхийн саналаар Д.Амарбаясгаланг УИХ-даргад батламжилсан юм. 43 насандаа төрийн тусгай хамгаалалтад орсон Д.Амарбаясгалан даргын бүрэн эрх хэрэгжээд 120 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд тэрээр хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоход анхаарч ажиллахаа удаа дараа мэдэгдэж, хэсэгчилсэн ажлын хэсгүүдийг байгуулах захирамж гарган ажиллаж байна. Мөн цаг үетэйгээ нийцүүлж, эрх зүйн зохицуулалтуудыг шинэчилдэг байхаар дэргэдээ хуулийн 7 зөвлөх авсан нь олны анхаарлыг татаж эхэллээ. Учир нь , төрийн данхар бүтцийг буулгаж, төсвийн мөнгийг хэмнэнэ гэж “гарч” ирсэн Д.Амарбаясгалангийн үг, үйлдэл УИХ-ын дарга болсноо хойноо яагаад зөрөв гэдэгт иргэд хариулт хайсан юм.
2. МАН-ын 10 дахь генсек Д.АМАРБАЯСГАЛАН
100 жилийн түүхтэй гэгддэг МАН-д 1992 оноос хойш 11 хүн ерөнхий нарийн бичгийн даргаар буюу генсекээр ажиллажээ. 10 дэх генсек нь Д.Амарбаясгалан. Тэрбээр 35 насандаа МАН-ын гал тогоог базах эрхийг авч, УИХ-ын 3 сонгуульд дараалан ялалт байгуулсан гавьяатай. Цаг хугацааг ухрааж харвал, 2016.07.28 өдөр МАН-ын УЗ хуралдаж, Ж.Мөнхбатын дараа У.Хүрэлсүх МАН доторх төрийг эргүүлэх цагт Д.Амарбаясгалан генсекийн орыг залгасан гэдэг. Стратегийн нарийн ухаантай гэж үеийнхэн нь түүнээс үлгэрлэдэг нь ч үнэн. Одоогоор Д.Амарбаясгалан нь МАН-ын түүхэнд хамгийн удаа генсекээр ажилласнаас гадна сайдын суудлаас татгалзсан цөөхөн улстөрчдийн нэг гэж нэрлэгддэг юм.
3. Хөрөнгөтөн Д.АМАРБАЯСГАЛАН
Д.Амарбаясгалан бол анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэг. Тэр өмнө нь НИТХ-д сууж байснаас их хуралд сууж байсангүй, намын ажил хийж явсан нь ил байсан ч, бизнес эрхэлж явсан нь ил харагдаагүй. Гэтэл тэр хэдийнэ МАН дотроо толгой цохих хөрөнгөтөн болжээ. Мал дагавал ам тосдохын үлгэрээр МАН-ыг дагавал ам тосддог ч байж болно гэж олон нийт ёжилж байна. 2022 онд Д.Амарбаясгалан 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний барилга, нэг үйлдвэр, нэг оффис, нэг ферм, хоёр авто зогсоолтой, 1400 хонь, 219 үхэр, 51 адуу буюу зах зээлийн ханшаар 1.9 тэрбум төгрөгийн малтай, 200 сая төгрөгийн соёлын болон түүхэн үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан-Патрол” жийптэй, 174 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 472 сая төгрөгийн авлагатай гэж хөрөнгө, орлогоо мэдүүлж байжээ. Харин энэ жил түүний АТГ-т өгсөн ХОМ-т нэг жилийн орлого 261 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 65 сая төгрөг гэжээ. Эндээс үзвэл, хоёр жилийн дотор түүний эзэмшлийн компани, малын тоо буурч, бусдаас авах авлага, банканд хадгалсан мөнгөн дүн нь нэмэгджээ.
4. Нууцлаг аав Д.АМАРБАЯСГАЛАН
Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болоод ч, гэр бүлээ олны өмнө гаргаагүй. Зарим хэвлэлд түүнийг 4 хүүхдийн аав гэж бичдэг. Гэхдээ түүний гэр бүлийн тухай мэдээлэл албан ёсоор ил болоогүй. Зөвхөн эхнэр Д.Бямбасүрэн нь хувьдаа 10 гаруй компани эзэмшдэг. Эхнэрийнх нь эзэмшлийн компаниудын нэг нь “Хас медиа” групп юм. Д.Амарбаясгалангийн аав нь цагтаа Говь-Алтай аймгийн хоршооллын дарга, намын үүрийн дарга явсан гэгддэг. Гэхдээ энэ гэр бүлийн бизнес “Соёмбо принтинг” ХХК гэх хэвлэлийн үйлдвэрээс эхлэлтэй. Д.Амарбаясгалан Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар гэх хоёр ахтай, Д.Амарзаяа гэх нэг эгчтэй. Ах, эгч нар нь “Соёмбо принтинг” ХХК-аа хамтран эзэмшдэг байна.
5. “Queen’s Gambit” Д.АМАРБАЯСГАЛАН
Сүүлийн 10 жилд улс төрд бэрсний нүүдэл хийж буй Д.Амарбаясгалан бие даасан фракцтай болох нүүдлээ хийж, багаа хүчитгэх уулзалтууд нь “Их тэнгэрийн аманд” үргэлжилсээр байна. Тэрээр Говь-Алтай аймгаас эхлүүлээд өөрийн тойргоос гаралтай улс төрч, бизнесмэнүүдийг дуудан авчирч, харилцан биесээ дэмжиж ажиллахаа хэдийнээ илэрхийлэх болжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга асан Д.Сумъяабазартай сүлбэлдэх болсон нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтралд төгсгөл ирсэн гэж харагдаж байна. Учир нь, УИХ, ЗГ-ын гишүүн асан Д.Сумъяабазар улс төрийн “үхдэл” болох замаа Д.Амарбаясгаланг оролдсоноор эхлүүлж, өөрийнхөө мэхэнд унасан байдаг. Түүнээс гадна ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу гал нээсэн хүн бол ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр. Үр дүнд нь тэр сайдын суудалгүй хоцорч, араас нь нь сумласан Д.Сумъяабазар улстөрийн “үхдэл” болсон гэж нам доторх шивнээ ярианаас дуулдах болсон. Эндээс дүгнэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бол улс төрийн өрөг дэх өрсөлдөгчөө үхдэл болгодог хүйтэн цустан.
