





















Катар улсын Доха хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл багтсан.
Бага хурлын үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн Монгол Улс нь Албани, Гана, Норвеги Улстай хамтран санаачилсан “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг 19-ний өдөр нийтийн зөвшилцлөөр буюу конвенцын нийт 192 гишүүн орны дэмжлэгийг авч батлууллаа. Тус тогтоолыг батлуулахад 60 гаруй улс хамтран зохиогч болж нэгдэв.
Энэхүү тогтоол нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг тусгайлан хөндсөн анхны НҮБ-ын тогтоол болж буйгаараа онцгой ач холбогдолтой бөгөөд уг тогтоолоор “иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд бататгаснаараа онцлогтой.
Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хувьд авлигатай тэмцэх хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг хангах чухал шалгуур болдог.
Манай улсын хувьд дээрх тогтоол нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дотоодын хууль эрх зүйн болон институцийн шинэчлэлийг олон улсын түвшинд дэмжих, цаашид хэрэгжилтийг хангахад НҮБ болон холбогдох олон улсын байгууллагын техникийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх юм.









