



















Унгарын эрх баригч нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа гаргасан бөгөөд энэ нь "ЛГБТК+" олон нийтийн жил бүрийн жагсаалыг (Pride March) хориглох, мөн хоёр иргэншилтэй унгар иргэдийг үндэсний бүрэн эрхт байдалд заналхийлсэн гэж үзвэл албадан гаргах боломжийг нээж болзошгүй байна. Үндсэрхэг үзэлтэй Ерөнхий сайд Виктор Орбан сүүлийн үед "ЛГБТК+ "хүмүүсийг олонтоо шүүмжилж, тусгаар хараат хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудад гадаад санхүүжилт олгохыг зогсоохоо амласан.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас санхүүжилт олгохоо түр зогсоосны дараа Виктор Орбаны байр суурь улам ширүүссэн бөгөөд Доналд Трампын энэ алхам нь Орбаныг зоригжуулж, сөрөг хэвлэл мэдээллийн эсрэг илүү хатуу арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлсэн гэж зарим ажиглагчид үзэж байна.
"Барууны улс төр, хэвлэл мэдээллийн ертөнцийг бүхэлд нь атгасан авлигын сүлжээг үгүй хийх ёстой" гэж Орбан хоёрдугаар сарын 24-нд парламентад хэлэхдээ, "Манай засгийн газар эдгээр шинэ хуулиудын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ" хэмээн мэдэгдэв.
Эрх баригч "Фидес" нам мягмар гарагийн орой Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө өргөн барьжээ.
Энэхүү өөрчлөлтөөр хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, ёс суртахууны хөгжлийг бүх эрхийн дээр тавих тухай заалт Үндсэн хуульд орж байна. Энэ нь жил бүр болдог ЛГБТК+ жагсаал (Pride March)-ыг "Хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна" гэсэн үндэслэлээр хориглох эрх зүйн үндэс болж магадгүй.
Орбаны засгийн газар 2026 оны сонгуулийн өмнө ЛГБТК+ жагсаалыг хориглох зорилготой байгаа аж.
Мөн өөр нэг өөрчлөлтөөр хоёр иргэншилтэй унгарчуудын хувьд "Хэрэв тэдний үйлдэл нь Унгарын үндэсний бүрэн эрхт байдал, нийгмийн дэг журам, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд заналхийлж байвал" тэднийг улс орноос хөөх боломжтой болно.
Мөн Үндсэн хуульд зөвхөн "Эрэгтэй ба Эмэгтэй" гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө гэж заах бөгөөд энэ санааг Доналд Трамп ч дэмжиж ирсэн.
Түүнчлэн, Унгарын хэт барууны үзэлтнүүдийн дэмждэг "Бэлэн мөнгөөр гүйлгээ хийх эрх"-ийг Үндсэн хуульд баталгаажуулах аж. Учир нь тэд банканд итгэдэггүй.
2010 оноос хойш эрх барьж буй Орбан 2026 оны сонгуульд өрсөлдөх бөгөөд инфляцын хямралаас дөнгөж гарч буй эдийн засаг, хүчирхэгжиж буй шинэ сөрөг хүчний намууд түүнд тулгарч буй томоохон сорилтууд юм.









