



















УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татагдсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Өнгөрөгч гуравдугаар сард СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж тэд давж заалдаад байсан бол өнөөдөр нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хүчингүйд тооцжээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзжээ.
Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.









