
ЭРХЭМ ХҮНДЭТ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД,
ЭРХЭМСЭГ НОЁД, ХАТАГТАЙ,
ХҮНДЭТ НӨХӨД ӨӨ,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэхийн сацуу, Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн Та бүхнийг халуун дотноор угтан мэндчилье!
Бид бүхний удаан хүлээсэн Тогтвортой санхүүжилтийн өндөр түвшний энэхүү форум өнөөдөр ийнхүү эхэлж байгаад миний бие туйлын баяртай байна.
Монгол Улс нутагтаа COP17 хуралдааныг зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид, хүндэт зочид Та бүхнийг хүлээн авч байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Энэхүү 2 өдрийн хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүдийн өргөн хүрээний төлөөлөл хуран цугласанд мөн туйлийн баяртай байна. Юуны өмнө, тус өндөр түвшний форумыг санаачилж, хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон дотоод, гадаадын бусад түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! Алс холоос тус хуралдааныг зорин ирсэн, ялангуяа Монгол оронд анх удаа хүрэлцэн ирсэн хүндэт зочид Та бүхэнд маань COP17-ийн шахуу хөтөлбөрийнх нь хажуугаар манай соёл, зан заншилтай танилцаж, эх орны маань байгалийн давтагдашгүй өнгө төрхийг үзэж сонирхох боломж гарна гэдэгт гүнээ найдаж байна.
Энэхүү тусгай арга хэмжээ маань ирэх хоёр өдрийн туршид бид бүгд санаа бодлоо нээлттэй солилцож, харилцан суралцаж, шинэ түншлэлийг эхлүүлэх үр дүнтэй орон зайг олгоно гэдэгт мөн итгэлтэй байна. Түүнчлэн, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн COP17-ийн хуралдаан бодит үр дүнд хүрч, бидний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь лавтай гэж үзэж байна.
Хүндэт зочид оо,
Энэ удаагийн хурлын гол сэдэв болох цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн өсөн нэмэгдэж буй нөлөө нь зөвхөн байгаль орчны асуудлаар хязгаарлагдахгүй билээ. Эдгээр сөрөг өөрчлөлтүүд нь хүнсний үйлдвэрлэл, ард иргэдийн амьжиргаа, бүс орон нутгийн хөгжил, улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд хүртэл мэдрэгдэж, улмаар нийгмийн сайн сайхан байдалд ч нөлөө үзүүлдэг. Манай улсын хувьд ч дээрх сорилт бодитоор тулгарч байгааг энэхүү хуралдаан Та бүхэнд олон талаас нь харуулах болов уу. Монгол орны өргөн уудам бэлчээр нутаг нь байгаль орчин, уламжлалт аж ахуй, хөдөөгийн олон өрхийн амьжиргааны салшгүй хэсэг билээ. Гэвч байгаль, цаг уурын нөхцөл өөрчлөгдөхөд нүүдэлчин соёл, малчдын амь амьжиргаа хамгийн эмзэг юм. Иймд бидний энд хэлэлцэж буй асуудлууд амьдралтай маш ойр, бодитоор айл өрхийн аж ахуй, улсын орны нийгэм, эдийн засагтай шууд холбоотой гэдгээрээ онцлог юм.
Гэхдээ эдгээр байгаль орчны асуудлууд нь зөвхөн Монгол Улсад тулгарч буй сорилт биш юм. Энд хуран цугласан улс орнууд газар зүйн байршил, хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтцийн хувьд ихээхэн ялгаатай. Мөн байгаа боломж, ашиглаж болох нөөц ч харилцан адилгүй. Харин уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолтой холбоотой Та бидний өмнө тулгарч буй том сорилтууд бол аливаа улс орны хил хязгаар, аль нэг байгууллагын чиг үүргийн хязгаараас давсан гэдгээрээ онцлог юм. Иймд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг шийдлийг нь аль нэг улс дангаараа, эсвэл ямар нэгэн байгууллага бие даагаад хэрэгжүүлэх аргагүй гэдгийг бид бүхэн сайн ойлгож байна.
Эрхэм нөхөд өө,
Сорилтууд маань нийтлэг учраас шийдлээ ч бид хамтдаа бүтээх ёстой. Тийм ч учраас бид бүгд энд нэг зорилгоор нэгдэж, хуран цуглараад байгаа билээ. Энэхүү хамтын хүчин чармайлтад санхүүгийн салбар мэдээж чухал хувь нэмэр оруулах боломжтой. Доройтсон газрыг нөхөн сэргээх, усны аюулгүй байдлыг бэхжүүлэх, экосистемийг хамгаалахад их хэмжээний хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр санхүүжилт том шийдлийн зөвхөн нэг хэсэг боловч төсвийн эх үүсвэр, хувийн хэвшлийн хөрөнгө, олон улсын хөгжлийн санхүүжилтийг илүү үр дүнтэй уялдуулж байж л сая нэг зөв бодлого, сайн санааг бодит ажил болгож чадах билээ. Хоёр өдрийн турш бид бүгдийг холбож өгөх форумын маань хөтөлбөр ч үүнийг сайн тусгаж, байгаа оносон олон сэдвийг хөндөж чадсан болов уу. Тухайлбал, өнөөдөр бид Монгол Улсад онцгой ач холбогдолтой бэлчээр ба малчдын амьжиргаа, усны тэсвэрлэх чадвар, мөн уур амьсгал, байгаль орчны эрсдэл санхүүгийн болон хөрөнгө оруулалтын шийдвэрт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ. Харин маргаашийн хэлэлцүүлэг урт хугацааны байгаль хамгааллын санхүүжилт, төсвийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө болон зах зээлд суурилсан арга хэрэгслүүдийн оролцоо зэрэг илүү өргөн хүрээний асуудлыг хамарна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэхүү форумын нэг онцлон сайшаах зүйл нь нэг сорилтыг олон өөр өнцгөөс авч үзэх боломжийг бүрдүүлж байгаа явдал юм. Энэ хоёр өдрийн явцад бид бүхэн бодлого боловсруулагчид, зохицуулагчид, санхүүгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, судлаачид, байгаль хамгааллын байгууллагуудаас гадна амьжиргаа нь газар нутагтайгаа шууд холбоотой малчин иргэдийн дуу хоолойг ч сонсох болно. Мөн өнөөдөр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын санхүүжилтийн Таксономи 2.0 (SDG Finance Taxonomy 2.0) батлагдаж, бодит ажил хэрэг болох эхлэл тавигдана гэдгийг онцолмоор байна. Өнөөдөр, маргааш өрнөх бүх хэлэлцүүлгүүд ямар арга шийдэл санал болгон үр дүнгээ өгнө гэдэгт, мөн Та бид бие биеэсээ юу суралцах боломжтойг харуулж, санхүүжилтийн төрөл бүрийн эх үүсвэр болон мэргэжлийн мэдлэг, туршлагыг хэрхэн илүү үр дүнтэй уялдуулж болохыг ойлгоход тусална гэдэгт бүрэн итгэж байна.
Хүндэт зочид оо,
Бидний энэ хурлын хүрээнд хэлэлцэж буй сорилтуудыг шийдвэрлэхэд маш олон байгууллага өөр өөрийн чиг үүрэг, мэдлэг туршлагадаа тулгуурлан хувь нэмрээ оруулах шаардлагатай нь гарцаагүй. Төв банкнуудын хувьд ч ижил юм. Уур амьсгал, байгаль орчны эрсдэл нь эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, улмаар олон сувгаар дамжин бидний гол зорилго болох үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй. Ийм уялдаа холбоог ойлгож, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой санхүүгийн тогтолцоог дэмжих нь бидний бодлого, үйл ажиллагаанд улам бүр чухал болж байна. Тиймээс Монголбанк ногоон болон тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэхэд өөрийн оролцоо, хувь нэмрээ оруулахыг зорьж буй. Төв банк энэ чиглэлийн бодлого, судалгаан дээр ажиллах нэгжийг шинээр байгуулж, Монгол Улсын ногоон шилжилтэд хувь нэмрээ оруулах тодорхой шийдлийг мөн хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоод явж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын санхүүгийн салбар ногоон болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олон ахиц дэвшил гаргасныг энд онцлох нь зүйтэй болов уу. Энэ бол төрийн байгууллагууд, санхүүгийн зохицуулагчид, банк болон бусад санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Цаашид ч Та бид энэ чиглэлээр өөрсдийн хувь нэмрээ оруулж, энэхүү зорилгыг урагшлуулахад хамтран ажиллах, хийх зүйл олон бий. Үүний зэрэгцээ бидэнд мэдээж суралцах зүйл их бий бөгөөд энэхүү форум нь Монголын туршлагыг авч үзэхийн зэрэгцээ зэрэгцээ дэлхийн олон улс орноос хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд Та бүхний Улаанбаатарт авчирсан мэдлэг, туршлагаас суралцах үнэтэй боломж гэж харж байна. Энэ дашрамд, COP17-ийн арга хэмжээний талбайд байрлах Монголбанкны павильонд зочлохыг Та бүхэнд халуун дотноор урьж байна. Манай хамт олон Та бүхнийг хүлээн авч, банкныхаа үйл ажиллагаа, Монгол Улсын ногоон болон тогтвортой санхүүжилтийн туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэ хүрээнд санал бодлоо үргэлжлүүлэн солилцохдоо баяртай байх болно.
Эрхэм хүндэт зочид оо,
Энэ танхимд маш олон улс орон, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуран цугласан нь энэхүү форумын хамгийн том давуу талуудын нэг юм. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, мөн “Олны хүч оломгүй далай” гэж манай монголчууд эртнээс ярьсаар ирсэн нь учиртай билээ. Бид бүгд энэ хоёр өдрийн туршид нээлттэй, ажил хэрэгч хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, үр дүнгээ өгсөн туршлагаа өөр хоорондоо хуваалцаж, магадгүй сургамж авсан зүйлсийнхээ талаар ч нээлттэй ярилцаж, шинэ харилцаа холбоо тогтоон, нөхөрлөлөө бэхжүүлж, форумын дараа ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн, энэ танхимаас төрөн гарах санаа, түншлэлүүд COP17-ийн өргөн хүрээний үйл ажиллагаа, цаашдын өрнөлд том хувь нэмэр оруулж, Та бидний нийтлэг зорилгыг биелүүлж бодит ахиц дэвшилд хүргэх шийдлүүдийг олоход тусална гэдэгт найдаж байна.
Эцэст нь, Та бүхэнд өндөр үр өгөөжтэй уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцохыг хүсэхийн сацуу COP17-ийн хүрээнд зохиогдож буй бүхий л үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье! Мөн энэхүү форумд морилон ирсэн олон улсын төлөөлөгчид, хүндэт зочиддоо манай оронд аятай тавтай тухлан саатаж, мартагдашгүй олон сайхан дурсамжийг бүтээгээрэй хэмээн хүсэн ерөөе!
Баярлалаа










