



















ХБНГУ (Герман Улс) нацистуудын золиос болсон хүмүүсийн (дийлэнх нь еврейчүүд) үр удамд Германы иргэншил авахыг илүү хялбар болгож байгаа бөгөөд 2024 он гарснаас хойш улам олон Америкийн еврейчүүд иргэншил хүссэн өргөдөл гаргаж байна. Зарим нь үүнийг практик шалтгаанаар, эсвэл нөхөн төлбөрийн хэлбэрээр авч үзэж байгаа бол, нөгөө хэсэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үед өсөн нэмэгдэж буй "Антисемитизм"-ээс зугтах арга зам гэж харж байгаа аж.

Вашингтон хотын ахлах сургуулийн шинжлэх ухааны багш Жо Сакс Германы иргэншил авах үйл явцыг эхлүүлжээ. Тэр бол нацистуудаас гэр бүл нь зугтсаны дараа Германы иргэншлээ сэргээхийг хүсч буй хэдэн зуун америк еврейн нэг.
“Та Германы маягтан дээр ‘Тийм, би еврей’ гэж тэмдэглээд, Германы засгийн газарт илгээнэ. Энэ үнэхээр сонин мэдрэмж,” гэж тэр NPR-д ярьжээ.
Өргөдөл гаргаж буй америкын еврейчүүдийн олонх нь Европт аялах, ажиллах боломж гэх мэт практик шалтгааныг дурддаг. Гэвч зарим нь өнөөгийн түгшүүртэй улс төрийн орчинд “В төлөвлөгөө” болгон авч үзэж байна. Харин олонхид нь энэ бол сэтгэлд хүнд дарамттай шийдвэр юм.
Трампын цагаачид, “элит” их сургуулиуд, хэвлэл мэдээллийг муулах, буруутгах оролдлогууд нь 1930-аад оны дайны өмнөх Германыг санагдуулж байгаа юм. Тэрбээр төрийн болон хараат бус, соёлын байгууллагуудыг өөрийн эрх ашигт захируулахыг эрмэлзэж байгаа нь фашист болон дарангуйлагч дэглэмтэй зүйрлэгдэж байна. Түүнчлэн зарим хуучин зөвлөх нь ил тод нацист мэндчилгээ хийж, зарим нь олон улсын эсэргүүцлийн бай болсон.
АНУ-д үзэн ядалт, ксенофоб үг хэллэг, гэмт хэргийн тоо өсөж байгаа нь ч энэ үзэгдлийг улам хурцатгаж байна.
Филадельфид амьдардаг тэтгэвэрт гарсан IT зөвлөх Эрик Подиэтц:
“Энэ авторитар үзэл Гитлерийн өсөлттэй адилхан. Үг хэлэх эрх чөлөөг боомилох, академик байгууллагуудыг гутаах… шинж тэмдгүүд нь ил байна” гэж NPR-д ярьжээ.
Түүний ээж нь 1930-аад оны сүүлчээр Германаас зугтсан бөгөөд Подиэтц өөрөө АНУ-аас нүүх бодолгүй ч улс төрийн уур амьсгал гэр бүлийнх нь түүхийг санагдуулж байгаа аж.
2024 оны 7-р сард Нью-Йорк дахь Германы консулын газарт болсон ёслолд 82 Холокостын хохирогч болон тэдний хүүхэд, ач зээ нар Германы иргэншил авчээ. Нью-Йоркт байсан Германы консул Дэвид Гилл хэлэхдээ:
“2017 оноос буюу Доналд Трамп анх ерөнхийлөгч болсноос хойш энэ чиг хандлага өссөн” гэжээ.
Тоо баримт: 2016 онд 350 өргөдөл ирсэн бол 2024 онд 1,500 болж, 700 хүн иргэншил авчээ.
1949 онд батлагдсан Германы Үндсэн хууль нацистуудын хэлмэгдүүлэлтэд өртсөн хуучин Германы иргэд болон тэдний үр удмынханд иргэншил олгох эрхийг хүлээн зөвшөөрсөн ч олон арван жилийн турш хууль, журам нь хүндрэлтэй байв.
2021 оноос эхлэн:
Эхийн талаас нотлох боломжтой болсон
Санхүүгийн баталгаа шаардахгүй болсон
Зөвхөн 1933–1945 онд хэлмэгдсэн эсвэл еврей, рома, улс төрийн өрсөлдөгч, сэтгэцийн өвчтэй зэрэг нацистуудын бай болгосон бүлэгт хамаарч байсныг нотлох шаардлагатай
Хэдийгээр өргөдөл үнэгүй ч гэр бүлийн баримт бичгийг олох нь хэцүү, өргөдлийг заавал герман хэлээр бөглөх ёстой.
Скотт Майеровицийн дөрвөн өвөө, эмээ нь бүгд 1930-аад онд Германаас зугтжээ. Түүний эцэг эх Германы бараа бүтээгдэхүүн огт худалдаж авдаггүй байсан тул иргэншил хүсэх шийдвэр нь тэдэнд хүндээр туссан.
Ээжийгээ зөвшөөрүүлэхийн тулд Майеровиц ЕХ-ны ажил, боловсролын боломжууд болон шаардлагатай үед АНУ-аас дүрвэх “нээлттэй хаалга” гэдгийг онцолжээ.
Арлингтоны оршин суугч Анн Барнет мөн эхийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан ч АНУ дахь антисемитизмын өсөлт эцэст нь ээжийг нь зөвшөөрүүлэхэд хүргэсэн байна.
Коннектикутын аялал жуулчлалын нийтлэлч Эрин Леви өвөөгийнхөө 1942 онд олгосон “гадаадын иргэний үнэмлэх”-ийг олж, Германы иргэншил авахаар шийдсэн.
“Герман улс Израилийн хүчтэй түнш, дэмжигч болсон нь гайхалтай. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт ийм хариуцлага хүлээсэн улс цөөн” гэж тэр хэлжээ.
Стив Норт 2020 онд Доналд Трамп дахин сонгогдох вий гэсэн айдсаар Германы иргэншил хүсчээ.
Консул Гилл түүнд “Энэ бол бид германчуудын хувьд өөрсдийн түүхийн нэг хэсгийг буцааж авч байгаа хэрэг” гэж хэлсэн нь сэтгэлд нь гүн сэтгэгдэл үлдээсэн байна.
97 настай эмэгтэй, 95 настай эр хүн Германы өнөөгийн төрийг итгэлтэйгээр хүлээн зөвшөөрсөн тухай ч Гилл ярьжээ.
Норт АНУ-аас яаралтай нүүх бодолгүй ч болзошгүй нөхцөлд бэлтгэлтэй байна.
“Орчин цагийн, соёлжсон оронд ч санаанд оромгүй зүйл тохиолдсон. Тиймээс АНУ-д ч еврейчүүдийн эсрэг үзэл баримтлал дахин сэргэхийг үгүйсгэх нь ухаангүй хэрэг” гэж тэр бичжээ.











