



















АНУ-ын Төрийн департамент дэлхийн даяар үзүүлж байгаа бүх тусламжийн хөтөлбөрүүдээ зогсоож, санхүүжилтийг нь царцааж байгаагаа мэдэгдлээ. Үүнд: Дэлхийн бүх улсуудад үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжил, ажлын байрыг дэмжих, авлигатай тэмцэх, аюулгүй байдлын тусламж гэх мэт чиглэлүүд багтаж байна. Дэлхий даяар хэрэгжиж эхэлж буй уг бодлогод АНУ-ын манай улсад хэрэгжүүлдэг тусламжийн хөтөлбөрүүд ч мөн хамаарна.
АНУ дэлхийн улс орнуудад дээрэх чиглэлээр тусламж үзүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн бөгөөд зөвхөн 2023 онд 60 тэрбум доллар буюу улсын төсвийн 1 орчим хувийг зарцуулжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тусламж хөтөлбөрийн санхүүжилт зогсож буй мэдэгдлийг дэлхийн өнцөг буланд суугаа элчин сайдын яамд руугаа илгээгээд байна. Үүнд Суданы өлсгөлөнд нэрвэгдсэн сая сая иргэдэд үзүүлдэг хүнс хөтөлбөр ч багтжээ. Энэ мэдэгдэл АНУ-ын тусламжийн хөтөлбөр үзүүлдэг байгууллагуудад хүнд цохилт болж буй бөгөөд ялангуяа эмнэлэг, дархлаажуулалтын хөтөлбөр гэх мэт хүний амь нас авардаг эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг ч хасаж байгаа нь маргаан дагуулж байна.
Тэр тусмаа ХДХВ-ийн эрсдэлийг бууруулах “PEPFAR” хөтөлбөрийн санхүүжилтийг гурван сараар зогсоосон нь олон эрсдэл дагуулна гэж үзжээ. ХДХВ-ийн эрсдэлийг бууруулах хүрээнд хийгддэг “PEPFAR”хөтөлбөрийг анх АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш эхлүүлснээс хойш 25 сая хүний амийг аварсан байдаг.
Санхүүжилтийг зогсоох нь дэлхий даяар тусламжийн хөтөлбөрт найдан амьдардаг сая сая хүүхэд, эмэгтэйчүүдийн аминд хүрэх магадлалтай гэж Оксфам Америкийн тэргүүн Эбби Максман хэлсэн байна.
Дональд Трамд яагаад дэлхийн даяар үзүүлдэг тусламжийн хөтөлбөрүүдийг зогсоов?
Дональд Трампын засаг захиргаа дэлхий даяар үзүүлдэг санхүүжилт тусламжийг зогсоосноор дотоодын асуудлууд тэр дундаа хямралд өртсөн ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлнэ гэжээ. Ингэснээр АНУ-ын иргэдийн боломжоос хумсалж,тэднээс хамааралгүй амьдардаг хүмүүсийг хооллодог хоёр намын урт хугацааны бодлогоос татгалзаж байна гэсэн юм.
НҮБ-ын төлөөлөгчийн газрын орлогч Фархан Хак хэлэхдээ: “Бид одоогоор хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чадвартай, өгөөмөр улс орнуудыг хүлээж байна” гэжээ.
Сонирхолтой нь, бүх тусламж хөтөлбөр зогссон ч Израил болон Египетэд үзүүлэх цэргийн тусламжийг үргэлжүүлжээ. Харин Украинд үзүүлэх цэргийн тусламж зогссон уу үгүй юу гэх баттай мэдээллийг өгсөнгүй.
Жо.Байдены албан тушаалаа өгөхөөс өмнө Украинд 3.85 тэрбум долларын санхүүжилт өгсөн байдаг. Учир нь Дональд Трампын засаг захиргаа Украин дахь тусламжийн хөтөлбөрийг зогсооно гэж үзсэн юм.
Мөн ирэх сард гадаадын бүх тусламж хөтөлбөрийг ”Ерөнхийлөгч Трампын гадаад бодлогын мөрийн хөтөлбөрт нийцүүлж” шинэ стандарт гаргах төлөвтэй байна. Гурван сарын дотор засгийн газрын хэмжээнд хийх хяналт шалгалт дууссаны дараа тусламжийн хөтөлбөр маш бага төсөвтэйгээр үргэлжлэх магадлалтай гэсэн таамаг байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, “Манай иргэдийн боломжоос хумсалж, тэднээс хамааралгүй амьдардаг хүмүүсийг хооллодог хоёр намын урт хугацааны бодлогоос татгалзаж байна” гэж хэлсэн шүү дээ.











