
📌Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.29) “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженерүүдийн хамт шинээр баригдаж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замаар анхны аж ахуйн галт тэргийг аялуулж, бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт шалгалтыг хийж ажиллалаа. Ингэхдээ салбарын сайд 1700 тоннын даацтай, 20 вагон ачаатай аж ахуйн галт тэргээр төслийн трассын дагуу зорчиж, төмөр замын далан, дээд бүтцийн угсралт, гүүр, хоолойн ажлууд, малын гарц болон бусад инженерийн байгууламжийн хийц, чанар, зураг төслийн шийдэлд илүү нарийн түвшинд хяналт тавьж ажиллав.

📌Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын урдуур чиглэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдох төмөр замын салбар шугам юм.
✍️ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ
📌Энэхүү төмөр замын төслийн үндсэн шугамын урт нь 127.1 км бөгөөд дөрвөн өртөө, гурван зөрлөгтэй байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үе шаттайгаар хариуцан хэрэгжүүлж байна.

📌Энэ удаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 91 км төмөр замын барилга угсралтын ажлын явцтай ийнхүү биечлэн танилцлаа. Энэ хүрээнд төмөр замын газар шорооны ажил, таван байршилд баригдаж буй төмөр бетонон гүүр, ус зайлуулах хоолой болон төмөр замын дээд бүтцийн угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ.
📌Мөн төслийн 43 дахь километрт байрлах 176 метр урт, 22 метр өндөр гүүрээр анхны аж ахуйн галт тэргээр зорчиж, гүүрийн хийц, угсралтын чанар болон төмөр замын дээд бүтцийн ажлын явцыг газар дээр нь шалгаж ажиллалаа. Энэ үеэр мөн трассын дагуух малын гарц, гүүр, хоолойн хийц, төмөр замын зураг төсөл, трассын шийдэл, далангийн өндөр болон эдийн засгийн тооцооллын талаар инженер, мэргэжилтнүүдтэй санал солилцов.

✍️БОРОО УСНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТӨМӨР ЗАМЫН ДАЛАН, УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫГ ЗЭРЭГЦЭН ШАЛГАЖ БАЙНА
📌Төслийн талбайд ажиллах үеэр трассын зам дагуух зарим хэсэгт алаг цоог борооны ус тогтсон боловч ус төмөр замын далан руу нэвтрээгүй, харин ус зайлуулах суваг, шуудуугаар хэвийн урсаж шингэсэн байдал нь Монголын төмөр замчдын барьсан далан ухмал болон төмөр замын ус зайлуулах байгууламжийн шийдэл, гүйцэтгэлийг бодитоор шалгаж байна хэмээн ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Мөн энэ үеэр салбарын сайд бороо, үерийн уснаас төмөр замын далан болон замын бүтцийг хамгаалах арга хэмжээнд давхар хяналт тавьж ажиллахыг холбогдох инженер техникийн ажилтнуудад даалгалаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
📌Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын трассын дагуу нийт есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгсэл болон ус нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
📌Салбарын сайд энэ өдөр бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэр төмөр замын трассын дагуу орхигдсон 1-2 бетонон дэр, хаягдсан барилгын материал болон орчны бусад хог хаягдлыг цэвэрлэж, бүтээн байгуулалтын ажлаа хүндэтгэх, трассын дагуух орчныг илүү эмх цэгцтэй болгохыг үүрэг болголоо.
📌Мөн барилгын ажлын үед ашиглаж байсан түр зам буюу туслах шороон замыг буцаан цэгцэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар төөрөх, иргэд малчид зам товчлох байдлаар орж ирэх, осол аваар гарах эрсдэл үүсгэхгүй байх, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцоллоо.
✍️ҮНДЭСНИЙ 90 ГАРУЙ КОМПАНИ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
📌Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын бүхий л үе шатанд үндэсний 90 гаруй аж ахуйн нэгж, компани туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Монголын инженер, техникийн ажилтнууд, үндэсний аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүч хөдөлмөрөөр өнөөдөр төмөр замын далан, гүүр, хоолой, бусад инженерийн байгууламжийг барьж байгуулах чадавх бүрдсэн нь энэ төслийн бүтээн байгуулалтаас харагдаж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцолж байлаа.
📌Салбарын сайд энэ үеэр “Монголчууд бид төмөр замаа өөрсдөө барьж, бүтээж чаддаг, далан, ухмалаа хийж чаддаг болсны илрэл харагдаж байна. Гүүр, хоолойн хийц, чанар сайн байна” хэмээн үнэлж, төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй инженер, техникийн ажилтнууд, төмөр замчдад талархал илэрхийллээ.
✍️1700 ТОННЫН АЧААТАЙ АЖ АХУЙН ГАЛТ ТЭРЭГ 91 КМ ЗАМЫГ ТУУЛАВ
📌Өнөөдөр Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүхий анхны аж ахуйн галт тэрэг 1700 тоннын даацтай, 20 вагон ачаатайгаар Багахангай-2 өртөөнөөс хөдөлж, трассын дагуу 40 км,цагийн хурдтай зорчиж, таван төмөр бетон гүүр, нэг зөрлөгийг өнгөрч, бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьсаар 91 дэх километрт хүрч, ачаагаа буулгаад буцсанаар энэ өдрийн ажил өндөрлөлөө.
📌Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр буюу 1,5 сая хүн ам сууршсан бүсүүдээр тэсэрч дэлбэрэх, хортой бодис бүхий 34 нэр төрлийн аюултай ачааг тээвэрлэхгүй, хотын гадуур буюу Богдхан уулын урдуур тээвэрлэх, ард иргэдийн төдийгүй улс орны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатар төмөр замын сүлжээний уялдаа холбоо сайжрахын хэрээр нийслэл хотын түгжрэлийг 30 хувиар буурах ач холбогдолтой төсөл юм.










