Мягмар гарагт Ираны дэмжлэгтэй Йемений хуситууд АНУ-ын холбоотон Саудын Арабын өмнөд хэсгийн дөрвөн хот руу халдаж, 70 гаруй хүнийг шархдуулан, нефтийн байгууламжуудад цохилт өгсөн байна. Энэ нь зургаан сарын турш үргэлжилж буй Ойрхи Дорнод дахь дайныг өргөжүүлэх үйлдэл боллоо.

Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийн хүчнүүд Ираны Исламын Хувьсгалын Гвардитай холбоотой хэд хэдэн нефть тээвэрлэгч усан онгоцуудад цохилт өгсөн гэж АНУ-ын цэргийн дээд албан тушаалтан мэдэгдсэн. Иран улс АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд руу довтлохыг оролдсоны хариу арга хэмжээг ийнхүү авчээ. Энэ нь АНУ хоёр өдөр завсарласны дараа Иран улсын эсрэг цохилтоо дахин эхлүүлсэн гэсэн үг юм.
Иран улсын хэвлэл мэдээллийн агентлагууд тус улсад хэд хэдэн халдлага болсон талаар мэдээлжээ. Ираны Тасним агентлагийн мэдээлснээр, АНУ-ын пуужингийн цохилтод тус улсын нефтийн гол төв Харк арлын ойролцоогоос 4 миль буюу 6 км-ийн зайд байсан Ираны нефть тээвэрлэгч нэг усан онгоц өртсөн байна. Түүнчлэн Ираны төрийн мэдлийн телевиз Оманы булан дахь Жаскийн ойролцоох усанд байсан хоёр дахь нефть тээвэрлэгч усан онгоц руу АНУ халдсан гэж мэдээлжээ.
Ираны Исламын Хувьсгалт Гвард эсрэг хариу арга хэмжээ авч, Кувейт болон Бахрейны боомтуудад байгаа нефть тээвэрлэгч усан онгоцуудыг онилсон гэж сүрдүүлсэн байна. Мөн тэнд ажиллаж буй хөлгийн багийнхныг нүүлгэн шилжихийг анхааруулсан гэж Ираны төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлсэн.
Йемений хүн ам олноор суурьшсан ихэнх бүс нутаг, түүн дундаа нийслэл Санааг хяналтдаа байлгадаг хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэрийн гүн рүү өргөн хүрээтэй ажиллагаа явуулснаа мэдэгджээ.
Тэд нисгэгчгүй онгоц болон пуужин ашиглан Саудын Арабын өмнөд хэсгийн Хамис-Мушайт хот дахь агаарын цэргийн бааз, мөн Абха, Нажран, Жазан хотууд дахь Саудын төрийн өмчит нефтийн компанийн байгууламжуудыг онилсон байна.
НАСА-гийн хиймэл дагуулын зурагнаас дүгнэхэд Жазан дахь нефть боловсруулах үйлдвэр дээр өтгөн хар утаа суунаглаж, Абха дахь нефть түгээх төвөөс цагаан утаан багана дээш хөөрч байгаа нь харагджээ.
Саудын Арабын эрх баригчид эдгээр байгууламжуудад гал гарсан болохыг мэдээлээд, шархадсан 73 хүний дунд эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан гэж мэдэгдсэн байна.
Ийм олон хүн шархадсан гэх мэдээлэл нь АНУ болон Израиль Ираны эсрэг дайнаа хоёрдугаар сард эхлүүлснээс хойш Саудын Арабын эсрэг хуситуудын хийсэн хамгийн том халдлагуудын нэг байж болзошгүй юм.
Халдлагад өртсөн Саудын хотуудаас авсан, газар дээрх нөхцөл байдлыг баталгаажуулахуйц зураг одоогоор олдоогүй байна. Хэвлэл мэдээлэлд хатуу хяналт тавьдаг тус улсад гэрчүүдтэй холбоо тогтоох боломжгүй байлаа.
Наймдугаар сард нэг сарын турш харьцангуй намжмал байсны дараа Персийн булан дахь байлдааны ажиллагаа дахин сэргэж, Иран болон АНУ хоорондоо гал нээсэн нь дэлхийн нефтийн үнийг дайны оргил үед хүрч байсан баррель нь 100 ам.долларын түвшин рүү дахин ойртууллаа.
Нефтийн жишиг үнэ болох Brent болон АНУ-ын WTI (West Texas Intermediate) маркийн нефтийн үнэ мягмар гарагт тус тус долдугаар сарын 23 болон зургадугаар сарын 4-ний өдрөөс хойших хамгийн өндөр түвшинд хүрч хаагджээ.
Саудын Арабын баруун өмнөд хэсэгт хуситууд халдлага үйлдэж байгаа нь Ормузын хоолойг бүслэн хааснаас гадна Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулж болзошгүй байгаа нь дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй аж.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Саудын Араб арав гаруй жилийн турш Йемен дэх хуситуудын эсрэг тэмцэж буй Арабын эвслийг тэргүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ дайн харьцангуй намжсан боловч одоо гал зогсоох тохиролцоо үгүй болж, хуситууд Улаан тэнгисийн өмнөд аман дахь усан тээврийн хөдөлгөөнд заналхийлэх болсон юм.
Сүүлийн өдрүүдэд Саудын Арабын дэмжлэгтэй, Йемений өмнөд хэсэгт төвлөрсөн засгийн газрын хүчнүүд хуситуудын хяналтад байдаг бүс нутгуудад олон чиглэлээр довтолгоогоо эхлүүлжээ. Энэ нь хуситууд Засгийн газрын хяналтад байгаа нутгууд руу давшихыг оролдсоны дараа болсон байна.
Хуситууд 12 жилийн өмнө тус улсын нийслэлээс Засгийн газрын хүчнийг хөөн гаргасан юм. Одоогийн засгийн газар хуситуудын мэдэлд байгаа бүх нутаг дэвсгэрийг эргүүлэн авах зорилготой гэж мэдэгдэж байна.
Хуситуудын хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари Саудын Араб Йемен рүү агаарын цохилт өгч дайныг хурцатгасан гэж буруутгаад, хуситууд хариу цохилт өгөх болно гэж мэдэгджээ.
Персийн булан дахь дайн өргөжин тэлж, АНУ- Иран улсын хоорондох хүч сорьсон тэмцэл болон хувирч байна. Талуудын аль аль нь өөр өөрсдийн хэрэгжүүлж буй эдийн засгийн дарамт, бүслэлтээр нөгөө талаа буулгаж авахыг зорьж байгаа юм.
АНУ-ын Сангийн яам мягмар гарагт Ираны агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг зогсоох зорилготой гэж тайлбарласан агаарын тээврийн салбартай холбоотой шинэ хориг арга хэмжээнүүдийг зарлажээ.
Вашингтон Ормузын хоолойгоор дамжин дэлхийн зах зээлд нефть нийлүүлэх урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хөлөг онгоцуудыг хоолойгоор нэвтрүүлэхийг зохион байгуулж байгаа бол нөгөө талаас Иран улс нефтийн экспортыг бүслэлтээр таслан зогсоохыг оролдож байна.
Харин Тегеран Ормузын хоолойг хаах шинэ арга хэмжээ авахаа зарлажээ. Тус улс удахгүй “Далайн хөл хорионы бүс” гэж шинээр нэрлэсэн бүслэлтийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулна гэж мэдэгдсэн байна. Уг бүс нь АНУ-ын хэрэгжүүлж буй бүслэлтийн зах хязгаараас эхлэн Ормузын хоолойг дамжин, улмаар Персийн булангийн усан бүс рүү үргэлжлэх аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вашингтон Ираны нефтийн танкерууд руу гал нээсэн. Энэ нь Ираны талаас АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд руу гал нээсний хариу арга хэмжээ байсан бөгөөд Иран уг довтолгоонд шинэ, илүү өндөр хүчин чадалтай баллистик пуужин ашигласан гэж мэдэгдсэн юм.
Ираны Исламын Хувьсгалт Гвард Ормузын хоолойн ойролцоо АНУ-ын нэг шумбагч төхөөрөмжийг олзолсон гэж мэдэгджээ.
Гэвч АНУ-ын нэг албан тушаалтан мягмар гарагт Ройтерс агентлагт усан доорх цэргийн зориулалттай нисгэгчгүй төхөөрөмжид нэг хоногийн өмнө техникийн доголдолд үүссэн, уг төхөөрөмж дээр нууцын зэрэглэлтэй сонар буюу усан доорх дуу авианы систем, эсвэл радарын төхөөрөмж байгаагүй гэж мэдэгджээ.
АНУ-ын цохилтууд Ираны уламжлалт цэргийн хүчийг сулруулж, эдийн засагт нь хүнд цохилт өгсөн хэдий ч Иран улсын пуужин болон нисгэгчгүй онгоцууд бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудад хүрч, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудад цохилт өгөх чадвартай хэвээр байна.
Байлдааны ажиллагааны улмаас дэлхийн хэмжээнд түүхий нефть болон түүнээс боловсруулах замаар гаргаж авдаг шатахууны хомсдол үүсээд байна.
АНУ-д дизель түлшний жижиглэнгийн дундаж үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн нь арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах намын улс төрийн байр сууринд дарамт болж байна.
Тайлбар: Энд Maritime exclusion zone гэдгийг “далайн хөл хорионы бүс” гэж орчууллаа. Энэ нь тухайн бүсэд хөлөг онгоц нэвтрүүлэхгүй, эсвэл нэвтрэхийг хүчээр хязгаарлах утгатай цэргийн нэр томьёо юм.









