
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг (дэмжлэг) түүхэн доод түвшинд хүрч, Ираны дайныг дэмжих америкчуудын тоо буурлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд түүхэн доод түвшиндээ хүрэн унаж, Ирантай хийж буй дайныг дэмжих америкчуудын тоо буурсаар байна. Энэ нь өдөр ирэх тусам Дональд Трампын засаг захиргаанд улс төрийн дарамт нэмэгдэж байгааг харуулсан үзүүлэлт юм.
Reuters/Ipsos-ийн хамгийн сүүлийн санал асуулгаар америкчуудын ердөө 31 хувь нь Ираны эсрэг АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжиж байгаа нь тогтоогджээ. Энэ үзүүлэлт гуравдугаар сард 37 хувь, наймдугаар сарын эхээр 34 хувьтай байсан юм.
Ipsos гэдэг нь олон нийтийн санал асуулга, зах зээлийн судалгаа, нийгмийн судалгаа хийдэг олон улсын судалгааны компани юм. Ipsos нь Францад 1975 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр олон улс оронд судалгаа явуулдаг томоохон судалгааны байгууллагуудын нэг. Reuters-ийн мэдээнд гарч буй “Reuters/Ipsos poll” гэдэг нь Reuters мэдээллийн агентлаг + Ipsos судалгааны байгууллагын хамтарсан санал асуулга.
Ялангуяа Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд дайныг дэмжих хандлага буурсан байна. Гуравдугаар сард тус намын дэмжигчдийн 77 хувь нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжиж байсан бол одоо энэ тоо 69 хувь болж буурчээ.
Ираны дайн Трампын улс төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байна. Санал асуулгад оролцогчдын ердөө 33 хувь нь Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй бодлого, ажлыг сайшаажээ. Энэ нь өмнөх санал асуулгатай ижил үзүүлэлт бөгөөд Reuters/Ipsos-ийн мэдээллээр Трампын анхны болон хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт болж байна.
Дональд Трамп Ирантай хийж буй дайныг Тегераныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд зайлшгүй шаардлагатай гэж тайлбарладаг. Гэвч хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилийн Иранд хийсэн цохилтоор эхэлсэн мөргөлдөөн зургаан сар гаруй үргэлжилж, Америкийн иргэдийн дунд дайны талаарх болгоомжлол нэмэгдэж байна.
Үүний зэрэгцээ Иран бүс нутгийн газрын тосны экспортод де-факто хориг, бүслэлт тогтоосон хэвээр байгаа нь газрын тосны нийлүүлэлтэд дарамт учруулж, АНУ-ын шатахууны үнийг дайны өмнөх үеийнхээс галлон тутамд 1 ам.доллараас илүү өсгөжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ нь Трампын хувьд онцгой эмзэг асуудал юм. Учир нь тэрээр 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр инфляцыг бууруулж, АНУ-ыг урт хугацааны цэргийн мөргөлдөөнд оролцуулахгүй байх амлалт өгч байсан.
Reuters/Ipsos-ийн санал асуулгын хамгийн анхаарал татахуйц дүнгийн нэг нь америкчуудын 83 хувь нь Ирантай хийж буй дайн цаашид удаан хугацаанд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж.
Энэ үзүүлэлт наймдугаар сарын эхээр 80 хувь байсан бол одоо 83 хувь болж өсжээ.
Трампын засаг захиргаа Ираны эсрэг эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэхээр оролдож байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт Ирантай бизнес эрхэлж буй улс орнуудад чиглэсэн хориг арга хэмжээг өргөжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.
Гэхдээ шинэ хориг арга хэмжээгээ одоогоор бодитоор хэрэгжүүлээгүй байна. Энэ нь Ираны асуудал Трампын засаг захиргааны хувьд улс төр, эдийн засгийн хувьд улам төвөгтэй болж байгааг харуулж байгаа юм.
Дональл Трампын хувьд асуудлыг ихээхэн хүндрүүлж буй өөр нэг хүчин зүйл нь ирэх 11 дүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгууль. Санал асуулгаар бие даасан сонгогчдоос “Өнөөдөр сонгууль болбол Конгрессын сонгуульд аль намын нэр дэвшигчийг дэмжих вэ?” гэж асуухад:
Ардчилсан нам — 33 хувь
Бүгд найрамдах нам — 19 хувь
гэж хариулжээ.
Өөрөөр хэлбэл, бие даасан сонгогчдын дунд Ардчилсан нам 14 пунктээр илүү дэмжлэгтэй байна.
Энэ нь Бүгд найрамдах намын хувьд таагүй дохио. Учир нь тус нам Конгресс дахь олонхоо маш бага зөрүүтэйгээр хамгаалж байгаа бөгөөд Трампын рейтинг буурч, дайныг эсэргүүцэх хандлага нэмэгдэх нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Трампын өмнө хоёр том асуудал тулгарч байна
Энэхүү санал асуулгын дүнгээс харахад Трампын засаг захиргаа хоёр талын дарамтад ороод байгаа юм.
Нэгдүгээрт, Ираны дайн удаан үргэлжлэх тусам америкчуудын дэмжлэг буурч байна.
Хоёрдугаарт, дайны улмаас газрын тос, шатахууны үнэ өсөж байгаа нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг болох инфляцыг бууруулах зорилготой зөрчилдөж байгаа юм.
Тиймээс Ираны дайн зөвхөн гадаад бодлогын асуудал биш, Трампын дотоодын улс төрийн байр суурь болон Бүгд найрамдах намын Конгресс дахь олонхыг хадгалах эсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж хувирсан.
Reuters/Ipsos-ийн санал асуулгад АНУ-ын хэмжээнд 1'215 насанд хүрсэн иргэн оролцсон бөгөөд санал асуулгын алдааны хязгаар ±3 хувийн нэгж байдаг.










