
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа өндөр ур чадвартай гадаад ажилтнуудад олгодог H-1B визийн хураамжийг 100'000 ам.доллар давуулж, урьд өмнө байгаагүй өндөр дүнгээр ногдуулах зохицуулалтыг хуульчилж, байнгын болгох саналаа танилцууллаа.
Одоогоор ийм өндөр дүнтэй хураамж ногдуулахыг холбооны шүүгч хориглоод байгаа юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп уг хураамжийг өнгөрсөн онд түр хугацаагаар туршилтаар нэвтрүүлсэн нь компаниудын технологи, боловсрол, судалгааны салбарт ашигладаг H-1B визийн зардлыг эрс нэмэгдүүлсэн.
Өнгөрсөн оны 6 дугаар сард холбооны шүүгч H-1B визний хураамжийн өндөр дүнг хууль бус гэж үзэн, Дональд Трампын засаг захиргааг өндөр хураамж авахыг хориглосон шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Бостонд төвтэй давж заалдах шатны шүүх хянаж байна. Үүний зэрэгцээ өөр нэг шүүх компаниудаас гаргасан өндөр дүнтэй хураамжийг эсэргүүцсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв эсэхийг хэлэлцэж байгаа аж.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Дональд Трампын түр хугацаагаар өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хураамжийн хугацаа ирэх есдүгээр сард буюу анх нэвтрүүлснээс хойш нэг жилийн дараа дуусах юм.
Харин АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яамнаас даваа гарагт Холбооны бүртгэлд нийтэлсэн саналд тусгаснаар уг хураамжийг 103'265 ам.доллар болгон байнга мөрдүүлэхээр төлөвлөжээ.
H-1B виз нь АНУ-ын ажил олгогчдод тусгай мэргэжлийн чиглэлээр боловсрол, мэдлэг эзэмшсэн гадаад ажилтнуудыг ажиллуулах боломж олгодог.
Жил бүр H-1B визийг 65'000 орчим хүнд олгодог байна. АНУ-д ахисан түвшний зэрэг хамгаалсан хүмүүст зориулж нэмэлт 20'000 виз мөн олгодог. Олгохдоо ихэвчлэн 3-6 жилийн хугацаагаар олгодог байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээс өмнө ийм визийн хураамж 2'000-5'000 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан. Гэхдээ шинээр санал болгож буй 103'265 ам.долларын хураамж нь АНУ-д аль хэдийн оюутны визээр оршин сууж байгаа гадаадын иргэдэд олгох визэнд хамаарахгүй аж. Учир нь эдгээр хүмүүс шинэ H-1B виз эзэмшигчдийн олонхийг бүрдүүлдэг. Мөн одоо байгаа H-1B визийг сунгахад өндөр хураамж ногдуулахгүй юм байна.
Визийн хөтөлбөрийн талаарх маргаан
Бүгд найрамдах нам болон Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс H-1B визийг олон компаниуд зүй бусаар ашиглаж байна гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар зарим компаниуд америк ажилчдыг халж, оронд нь хямд өртөгтэй гадаадын ажиллах хүч авч ажиллуулдаг гэсэн байна.
Харин компаниуд H-1B виз зайлшгүй байх ёстой гэж үздэг. АНУ-д хангалттай тооны чадварлаг ажилтан байдаггүйгээс H-1B визээр компаниуд дэлхийн шилдэг, авьяастай, өндөр ур чадвартай ажилтнуудыг татах боломж олгодог гэж тайлбарлажээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Шүүхийн баримтаас үзэхэд өнгөрсөн 2 дугаар сарын сүүлийн байдлаар ойролцоогоор 70 ажил олгогч нийт 85 H-1B визийн өргөдөлд 100'000 ам.долларын хураамж төлсөн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп уг хураамжийг тогтоохдоо цагаачлалын хуулиар ерөнхийлөгчид олгогдсон эрхийн дагуу АНУ-ын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийг хязгаарлах эрх мэдлийг ашигласан юм.
АНУ-ын хамгийн том бизнесийн лобби байгууллага болох АНУ-ын Худалдааны танхим (U.S. Chamber of Commerce), Ардчилсан намын удирдлагатай хэд хэдэн муж улс, мөн үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчдын эвсэл уг хураамжийг шүүхэд өгч эсэргүүцлээ илэрхийлж байна.
Эдгээр нэхэмжлэлийг шинэ санал эцэслэн батлагдсаны дараа эсэргүүцлээ илэрхийлэх байдлаар шинэчлэн гаргаж болзошгүй.
Нэхэмжлэл гаргасан талуудын гол үндэслэл нь:
Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа гадаадын иргэдийн АНУ-д нэвтрэхийг хязгаарлах Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглан H-1B визийн шаардлагыг гаргасан Конгрессын хуулийг давж гарах эрхгүй гэж үзэж байна.
Мөн Дотоод Аюулгүй Байдлын Яам Конгрессоос тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд АНУ-д орлого бүрдүүлэх зорилгоор хураамж, татвар болон түүнтэй адилтгах төлбөр тогтоох эрхгүй гэж муж улсууд болон бусад нэхэмжлэгчид үзжээ.
Харин Трампын засаг захиргаа уг төлбөрийг уламжлалт утгаар нь татвар биш гэж тайлбарлаж байгаа бөгөөд гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хязгаарлах Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шүүх байгууллагууд хэт өргөн хүрээнд хянах эрхгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогоо эрс чангатгаж байгаатай холбоотойгоор өнгөрсөн жил ажил олгогчид ойролцоогоор 344'000 H-1B визийн бүртгэл хийжээ.
Энэ нь:
-2024 оныхоос 25 гаруй хувиар бага;
-2023 онд бүртгүүлсэн 794'000 визийн хүсэлтийн талаас нь ч бага үзүүлэлт юм.
АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны (USCIS) мэдээллээс эдгээр тоог гаргасан байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа H-1B виз хүсэгчдэд тавих хяналт шалгалтыг чангатгах шийдвэр мөн гаргасан. Түүнчлэн өндөр ур чадвартай, илүү өндөр цалинтай ажилтнуудад давуу тал олгох шинэ виз олгох систем мөн санал болгосон байна.
Үүнээс гадна энэ сарын эхээр Дотоодын аюулгүй байдлын яам тусдаа журмаар H-1B болон L-1 визтэй ажилтнуудын:
-АНУ дахь оршин суух хугацааг сунгах,
-Гадаадад ажиллаж байгаа ажилтныг АНУ руу шилжүүлэх
-Өргөдлийн хураамжийг 4'500 ам.доллар хүртэлх нэмж ногдуулахаар болжээ.










