
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.
Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.
Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.
Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.
“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.
ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч ОХУ манай улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах боллоо.
Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.
Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ










