



















Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Индус 5300 орчим жилийн өмнө өнөөгийн Энэтхэг, Пакистаны баруун хойд хэсэгт оршин тогтнож байв. Олон зууны турш цэцэглэн хөгжиж, тариалан худалдаа эрхлэгчдийн гол бүс нутаг болж байсан Индусын соёл иргэншил хэрхэн мөхсөн нь тодорхойгүй хэвээр байна. Дайн байлдаан, өлсгөлөн, байгалийн гамшгийн тохиосон гэх илэрхий ул мөр нотлох баримт үлдээгүй ч Индусын нууцлаг бичиг үсгийг тайлбал олон зүйлс тодорхой болох юм. Тухайлбал, Индусчуудын хэл соёл, итгэл үнэмшил, шашин шүтлэг, засаглалын хэлбэр гээд соёлын олон нээлт хэл бичиг үсгийг нь тайлж уншихаас эхэлнэ.
Зуун гаруй жилийн турш шинжээчид, судлаачид, эрдэмтэд, археологичид Индусын бичиг үсгийг тайлж унших оролдлого хийж иржээ. Тэдний дийлэнх нь Индусын бичиг үсгийг Брахмигийн эртний бичиг үсэг, Дравидиан ба Энэтхэг-Арьян хэл, Шумер хэлтэй холбон тайлбарласан нь бий. Гэвч эдгээр таамаг батлагдаагүй бөгөөд өнөөгийн эрдэмтэд харин Хинду хэлтэй адилтган үзэж байна. Индусын бичиг үсэг нь ихэвчлэн тэмдэгтүүдээс бүрддэг бөгөөд чулуун дээр лац маягаар үлдсэн нь тайлж уншихад бэрхшээлтэй болгожээ.
Индусын балгас Пакистан
Судлаачид Энэтхэгийн Тамил Надуд малтлага хийхэд 140 орчим газраас 14,000 гаруй ваарны хэлтэрхий олдсон бөгөөд шинжилгээгээр 2,000 гаруй тэмдэгтээс бүрдсэн бичиг байв. Энэ нь эртний Индус өнөөгийн Энэтхэгтэй соёл иргэншлийн хувьд холбоотой гэх баримт юм. Харин Энэтхэгийн Тамил Наду мужийн захиргаа Индусын бичиг үсгийг тайлж уншиж чадсан хүнд 1 сая долларын шагнал амлаад байна.
Индусын балгасаас олдсон тахилчын баримал









