



















Дутерте нь Хонконгоос ирэх үедээ баригдсан бөгөөд хууль сахиулагчид түүнийг ICC-ийн гаргасан баривчлах шийдвэрийн дагуу саатуулсан байна гэж Ерөнхийлөгч Фердинанд Маркосын тамгын газраас мэдэгдсэн байна. ICC нь Дутертегийн ерөнхийлөгч байх хугацаандаа хууль бус хар тамхины эсрэг явуулсан албан ёсны ажиллагааны үеэр гарсан олон мянган хүний аминд хүрсэн хэргүүдийг мөрдөн шалгаж байсан юм.
Засгийн газрын мэдэгдэлд:
"Түүнийг эх орондоо ирэх үед прокурорын ерөнхий газар ICC-ийн баривчлах шийдвэрийг танилцуулж, хүний эсрэг гэмт хэрэгт буруутган саатууллаа. Одоогоор эрх баригчдын хамгаалалтад байгаа." гэжээ.
Гэнэтийн баривчилгаа нь нисэх буудал дээр үймээн үүсгэж, Дутертегийн өмгөөлөгчид, туслахууд, эмч нар түүнийг баривчлагдсаны дараа түүнтэй уулзахыг оролдсон ч цагдаа нар тэднийг ойртуулаагүй байна.
Дутертегийн ойрын хүн Сенатор Бонг Го үүнийг "Түүний үндсэн хуулийн эрхийг зөрчсөн хэрэг" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Associated Press агентлагийн үзсэн ICC-ийн баривчлах шийдвэрт:
"Хохирогчдын эсрэг халдлага өргөн хүрээтэй, системтэй байсан бөгөөд олон жилийн туршид олон мянган хүнийг хороосон нь үндэслэлтэй гэж үзэх хангалттай нотолгоо байна." гэсэн аж.
Мөн шүүхийн шийдвэрт:
"Дутертег шүүхийн өмнө авчрах шаардлагатай бөгөөд тэрбээр шүүхийн дуудлагад очихоос зайлсхийх хандлагатай гэж үзэж байна. Тэрбээр албан тушаалаасаа буусан ч нөлөөллөө үргэлжлүүлэн хадгалж байгаа." гэжээ.
Энэ баривчилгаа нь Дутертегийн хар тамхины эсрэг цус урсгасан тэмцлийн үеэр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нулимстай баяр баяслыг авчирсан байна.
Рэнди Делос Сантос гэх хүн, 2017 онд цагдаагийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн өсвөр насны хүүгийн авга ах:
"Өнөөдөр бол бидний удаан хүлээсэн, шударга ёсны өдөр боллоо. Харгис ажиллагаанд оролцсон цагдаагийн удирдлагууд, олон зуун цагдааг ч мөн хариуцлагад татах ёстой."гэсэн байна.
2018 онд хүүг нь хороосон гурван цагдаа шүүхээс ял авсан нь Филиппинд гарсан ховор тохиолдлуудын нэг байсан юм.
Одоогоор Дутертег хаана байлгаж байгаа болон түүнийг Европ руу ICC-д шилжүүлэх хугацаа тодорхойгүй байна. Тэрээр 79 настай ч эрүүл мэнд нь хэвийн байгаа гэж албаныхан мэдээлжээ.
Олон улсын эрүүгийн шүүх нь Дутертег 2011 оны 11-р сарын 1-нээс (Давао хотын дарга байх үеэс нь) 2019 оны 3-р сарын 16 хүртэлх хар тамхитай тэмцэх үеийн аллагуудыг мөрдөн шалгаж эхэлсэн.
Дутерте 2019 онд Филиппинийг Ромын гэрээнээс гаргасан нь ICC-ийн хяналтаас мултрах зорилготой алхам байсан гэж хүний эрхийнхэн үздэг.
Гэвч ICC 2023 онд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, Дутертегийн засгийн газрын эсэргүүцлийг хүчингүй болгосон.
Фердинанд Маркос Жр. 2022 онд Дутертегийн дараа ерөнхийлөгч болсон бөгөөд ICC-д дахин элсэхээс татгалзсан ч хэрэв ICC-аас олон улсын Интерполоор дамжуулж баривчлах хүсэлт ирвэл хамтран ажиллахаа илэрхийлсэн ажээ.











