



















ОХУ, Украин Улсууд бие бие рүүгээ дрон ашиглан агаараас харилцан цохилт өгч, олон хүн шархдаж, эд хөрөнгийн хохирол учирсан талаар өнөөдөр өглөө мэдээллээ. Гурван жил үргэлжилж буй дайныг зогсоох, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэг сарын хугацаатай гал зогсоох тухай саналын хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-аас гаргасан 30 хоногийн гал зогсоох саналыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Оросын тал Украины талд тавьж буй хэд хэдэн чухал нөхцөлийг биелүүлэх хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.
Үүнээс хойш хоёр тал агаараас ширүүн дайралтуудыг бие биерүүгээ хийсээр байна. Оросын арми баруун Курск мужид сүүлийн саруудад байсан Украины армийг шахан гаргах хугацаа ойртсон талаар мэдээлээд байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам өнөөдрийн мэдэгдэлдээ, Украины нийт 31 дроныг агаараас хамгаалах системээрээ устгасанаа мэдээлсэн. Үүнээс 16 дроныг баруун өмнөд Воронеж мужийн нутагт, 9-ийг Белгород мужид, үлдсэн хэсгийг Ростов болон Курск мужуудад устгасан гэж Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Украины дроны халдлагаар Белгород мужид 3 хүн шархадсаны дотор 7 настай хүүхэд байгаа талаар тус мужийн захирагч Вячеслав Гладков мөн Telegram хуудсандаа бичжээ. Губкинскийн дүүрэгт нэг айлын байшинд дрон тусч гал гарснаас хоёр хүн шархадсан бол Долгое тосгонд болсон өөр нэг дроны халдлагад бас нэг хүн шархадсан байна.
Воронеж мужийн захирагч Александр Гусев Telegram хуудсандаа одоогоор хүн бэртэж, хохирсон тухай мэдээлэл байхгүй гэжээ. Мөн өмнөд Ростов мужийн түр захирагч ч шархадсан, хохирол учирсан тухай мэдээлэл алга гэв.
Украины тал Оросын хэд хэдэн дроны дайралтын талаар мэдээлсэн. Тухайлбал, Украины Онцгой байдлын алба мэдэгдэхдээ хойд Чернигов мужид Оросын дроны халдлагаас үүдэн гал гарсан байран дахь галыг унтраахаар ажиллаж байгаа гэжээ.
Мөн Украины хэвлэлүүд Киев орчмын нутаг дэвсгэрт дэлбэрэлтүүд болсон талаар мэдээлж, Украины агаарын хүчнээс Киев болон бусад төвийн бүс нутгуудад дроны халдлагын аюулын талаар анхааруулга өгсөөр байгаа аж.











