



















Талийгаач Ага Хан IV-ийн хүү, хунтайж Рахим аль-Хусайни түүний залгамжлагчаар тодорч, "Исламын Шиа Шашны Низари Исмаил" урсгалын 50 дахь шинэ имам болжээ. Түүний аав Карим аль-Хусайни 88 насандаа таалал төгсөхөөсөө өмнө 70 орчим жил "Исламын Шиа шашны Низари Исмаил"-ийн урсгалыг удирдсан байдаг. Дэлхий даяар 12-15 сая шүтэгчтэй Исмаилитууд эмнэлэг, их дээд сургууль, бүтээн байгуулалтын төслүүд зэрэг нөлөө бүхий хүмүүнлэгийн үйлсээрээ алдартай.
53 настай шинэ Ага Хан "Ага Хан Хөгжлийн Сүлжээ" (AKDN)-ээр дамжуулан буяны үйлс, ялангуяа цаг уурын эсрэг үйлсэд ихээхэн анхааруул хандуулж байсан юм. Ага Хан одоо үл хөдлөх хөрөнгө, агаарын тээврийн компани, хэвлэл мэдээллийн салбарт эзэмшиж буй асар том байгууллага нь 1 тэрбумаас 13 тэрбум доллараар үнэлэгддэг. Түүний аав нь Исмаилитийн нийгэмлэгээс гадна хүмүүст тус дөхөм болсон буяны үйлс, институцийг бий болгосон.
Олон ургальч үзэл, нийгмийн сайн сайхныг дэмждэг Исмаилитууд сайн дурын үндсэн дээр орлогынхоо аравны нэг буюу нийт орлогынхоо 12.5 хувийг хандивлах үүрэг хүлээдэг. (Өнгөрсөн 1200 жилийн хугацаанд Исмаилитууд Ага Ханы жинтэй тэнцэхүйц алт, эрднэсийг өргөдөг байсан бол орчин цагт нийт орлогынхоо 12.5 хувийг өргөдөг болсон) Ага Хан Пакистан, Афганистан, Сири, Тажикистан зэрэг 35 улсыг хамарсан Исмаилитуудын хаан юм. Африкт талийгаач Ага Ханы оруулсан хувь нэмэр их. Тэрээр Кенийн "Үндэстний Хэвлэл Мэдээллийн Групп"-ыг үүсгэн байгуулж, 1972 онд Иди Амины хөөсөн Угандагийн дүрвэгсдэд туслаж байснаараа нэрд гарчээ.
Ага Хан (Карим аль-Хусайни)
8-р зуунаас үүссэн Исмаилийн шашин нь Фатимидын Халифатын улсаар дамжуулан улс төрийн эрх мэдлийг эзэмшиж байсан боловч тэр цагаас хойш оюун санааны болон нийгмийн манлайлалд анхаарлаа төвлөрүүлсээр ирсэн байдаг. Филлипсийн академи болон Брауны их сургуульд боловсрол эзэмшсэн шинэ Ага Хан олон улсын харилцаанд гаргуун бөгөөд дэлхийн дээд хэмжээний уулзалт, дипломат ажиллагаанд байнга оролцдог юм. Түүний томилогдсоноор эцэг, хүүгийн залгамж халааг сэргээж, нийгэмлэгийн удирдлагын шинэ хуудас нээгдсэн хэмээгдэж байна.











