



















"ХАМАС" бүлэглэл пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Палестинчуудыг удаа дараа заналхийлж байгаа нь Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Газа дахь гал зогсоох хэлэлцээрээс ухарч, тус бүс нутагт бүслэлтээ чангатгахад дэмжлэг үзүүлж байна гэжээ.
Трамп лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан ХАМАС-ыг барьцаалагдсан бүх хүмүүс, түүний дотор нас барсан хүмүүсийн цогцсыг "Одоо суллахыг" шаардаж, "Эс бөгөөс та нарын хувьд бүх зүйл дуусна" гэж мэдэгджээ.
Энэ мэдэгдэл нь, Трампын төлөөлөгч "ХАМАС"-тай нууц хэлэлцээ хийсэн тухай мэдээлэл гарсны дараа хийгдсэн бөгөөд энэ нь АНУ-ын олон жилийн турш баримталж ирсэн "ХАМАС"-тай шууд харилцахгүй байх бодлогоос ухрах үйлдэл байлаа.
"ХАМАС"-ын хэвлэлийн төлөөлөгч Абдель-Латиф Аль-Кануа "Трампын удаа дараагийн заналхийлэл нь Нетаньяхуг гэрээнээс зайлсхийхэд тусалж, манай ард түмнийг бүслэлт, өлсгөлөнд оруулахад дэмжлэг үзүүлж байна" гэж Reuters агентлагт илгээсэн зурвастаа онцолсон байна.
Гал зогсоох хэлэлцээрийн явц
Гуравдугаар сард хүчин төгөлдөр болсон "Газа дахь гал зогсоох хэлэлцээр"-ийн дагуу үлдсэн барьцаалагдсан хүмүүсийг хоёр дахь шатанд суллах ёстой байсан. Энэ шатанд дайныг бүрэн зогсоох талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв.
Эхний шатны хэлэлцээр өнгөрсөн бямба гарагт дуусч, Израиль түүнээс хойш Газа руу ямар ч бараа бүтээгдэхүүн оруулахыг хориглон, "ХАМАС"-ыг барьцаалагдсан хүмүүсийг суллах хүртэл дайныг зогсоох хэлэлцээнд орохгүй гэж мэдэгджээ. Палестинчууд энэ хориг нь Газад байгаа 2.3 сая хүнийг өлсгөлөнд хүргэж болзошгүй гэж үзэж байна.
Доналд Трампын шинэ заналхийлэл нь лхагва гарагт Цагаан ордонд эхний шатны хэлэлцээрийн үеэр суллагдсан барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзсаны дараа гарчээ.
Трампын мэдэгдэл
"Би Израильд бүх шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болно. Нэг ч "ХАМАС"-ын гишүүн аюулгүй үлдэхгүй! Мөн Газагийн ард түмэнд хандаж хэлэхэд: Гоёмсог ирээдүй та нарыг хүлээж байна, гэхдээ хэрэв та нар барьцаалагдсан хүмүүсийг суллахгүй бол, та нар ҮХНЭ! Ухаалаг шийдвэр гарга! БАРЬЦААЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ ОДОО СУЛЛА, СУЛЛАХГҮЙ БОЛ ДАРАА ХҮНД ҮР ДАГАВАРЫГ ХҮЛЭЭХ БОЛНО!" гэж мэдэгдэлдээ бичсэн ажээ.
Одоогийн байдлаар нөхцөл байдал
Газа дахь байлдаан нэгдүгээр сарын 19-нөөс хойш түр зогсоод байна. "ХАМАС" 33 израильчууд болон 5 тайланд иргэнийг суллаж, хариуд нь Израиль 2'000 палестин хоригдлыг сулласан.
Израильчуудын мэдээлснээр, одоо үлдсэн 59 барьцаалагдсан хүний тал хүрэхгүй нь л амьд байх магадлалтай гэж үзэж байна.
Пүрэв гарагт Израилийн агаарын цохилт Газа хотын зүүн хэсэгт нэг хүний аминд хүрсэн гэж Палестины эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.
АНУ-ын нууц уулзалт "ХАМАС"-тай хийгдсэн үү?
Египет, Катарын зуучлагчдын оролцоотойгоор АНУ-ын барьцаалагдсан хүмүүсийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Адам Бойлер Дохад сүүлийн хэдэн долоо хоногт "ХАМАС"-ын төлөөлөгчидтэй уулзсан гэж мэдээлсэн юм. Цагаан ордон энэ уулзалтыг үгүйсгээгүй бөгөөд Бойлерт "ХАМАС-тай шууд ярих эрх" олгосон гэж мэдэгджээ.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн Засгийн газраас энэ асуудлаар ямар нэгэн шинэ мэдээлэл өгөөгүй бөгөөд зөвхөн "АНУ-д уг асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн" гэж л мэдэгдсэн байна.
Египет, Катар зуучлах байр суурьтай байна
Египетийн хоёр эх сурвалжийн мэдээлснээр, "ХАМАС" анхны гэрээний шат дарааллыг мөрдөх ёстой гэж үзэж байгаа аж. Израиль гал зогсоох хугацааг уртасгахыг хүсэж байгаа ч дайныг бүрэн дуусгах талаар эцсийн тохиролцоонд хүрэхгүй байх сонирхолтой байна. Харин "ХАМАС" хоёр дахь шат руу шилжин, дайныг зогсоох тохиролцоог хийхийг шаардсан аж.
Египетийн тал хэлэлцээрийг дайны төгсгөл хүртэл мөрдөх ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Газын сэргээн босголтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байгаа юм. Энэхүү хэлэлцээр эерэг уур амьсгалтай өндөрлөсөн бөгөөд ойрын хугацаанд хоёрдугаар шатны хэлэлцээг эхлүүлэх магадлалтай байна.











