



















Засгийн газраас хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ хаврын морин уралдаан гэдэг нь өв соёл гэхээсээ илүүтэйгээр хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр юм. Тиймээс тус уралдааныг сэргээх шийдвэрийг ХЭҮК-оос эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
52 хүүхэд мориноос унаж нас барсан тоо бий. Хурдан морины уралдааныг дагаж, хүүхдийн эрүүл мэнд, амь насаас гадна хөгжих, боловсрох эрх алдагдаж байна. Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал биш. Сүүлийн жилүүдэд л зохион байгуулагдаж ирсэн. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол энэ салбарт гарсан томоохон ахиц дэвшил байсан. Тиймээс Засгийн газрыг нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
Дан ганц хаврын уралдаан гэхээс илүүтэйгээр зуны улиралд зохион байгуулагдаж буй уралдаанд ч хүүхдийн эрх зөрчигдөж байдаг. Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь хүүхэд хамгаалагдах, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ахиц дэвшилтэй шийдвэр байсан. Засгийн газраас гаргасан өчигдрийн мэдэгдэл аман байдлаар л зарлагдсан. Тус шийдвэр албажиж гараагүй гэж ойлгож байгаа. Тиймээс 2019 онд гаргасан шийдвэр одоогоор хүчин төгөлдөр үргэлжилж байна. ХЭҮК байгуулагдсан цагаасаа хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөж ирсэн байдаг. Гурван удаагийнхаа илтгэлд энэ асуудлыг оруулсан. Ингэхдээ комиссын гишүүдийн 11 зөвлөмж зургаан шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Аймаг нийслэлийн Засаг дарга нарт болон ХГБХХ-ын дарга нарт хүргүүлсэн. Эдгээр нь хүүхдийн амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх болоод хамгаалалтыг боловсронгуй болгоход чиглэсэн болохыг мэдэгдэж байна.
Аливаа морин уралдаанд оролцохоос өмнө хамгийн багадаа нэг сарын хугацааг бэлтгэл хийж өнгөрүүлдэг учир хүүхэд хичээлээсээ чөлөө авснаар хичээл завсардах, цаашид анги дэвших үед нь хоцрогдол үүсдэг. Үүнээс гадна хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг болж байна. Эцэг эхчүүд болоод уяачид хүүхдийн хөдөлмөрөөр наймаалцаж буй. 2018 оноос хойш 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг ирүүлжээ. Харин амиа алдсан хүүхдийн тоо 52, энэ нь яг бодит тоо гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь, бүртгэгдээгүй амь насаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Хурдан морины уралдаантай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж байна. Хүүхдийн эрх ямагт нэгдүгээрт байх ёстой учир ХЭҮК эрх зүйн орчин, аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллахад бэлэн байна
Мөн жагсаал цуглаанд хүүхэд болоод тэжээвэр амьтныг оролцуулахыг хориглосон байдаг. Гэтэл сүүлд зохион байгуулсан гурван жагсаалд хүүхэд оролцуулсан нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр хэмээн ХЭҮК-оос үзэж байна. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд хүүхдийг морь унуулж жагсаалд оролцуулжээ. Үүнийг холбогдох байгууллагуудад шалгуулахаар ХЭҮК өргөдлөө өгсөн байна.











