



















Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Хувийн аж ахуй нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл хувийн аж ахуйн нэгж дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэдэг зүйл яригдаж байгаа. Энэнтэй сэжиглэгдэн тодорхой этгээдүүд саатуулагдан шалгагдаж байна Монгол Улсад ямар ч мөнгөтэй байлаа, ямар ч том байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч Монгол төрийн нууц төрийн хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй. Энэ зарчмын хүрээнд, энэ үйл ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Тэгвэл О.Алтангэрэл сайдын яриад байгаа зүйл Эрүүгийн Хуульд дараах зүйл ангиар ял, шийтгэл хүлээлгэхээр тусгасан байдаг. Тухайлбал
Эрүүгийн хуулийн
19.11 дүгээр зүйл.Төрийн нууцыг хууль бусаар олж авах
1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих
2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэсэн ял, шийтгэлийн зүйл заалттай байдаг байна. Хэрвээ О.Алтангэрэл сайдын хэлээд байгаачлан төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх тохиолодолд нь дараах ял шийтгэлийг хүлээлгэдэг байна.
19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
1.Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.











