



















Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон цэргүүдийн үйлдсэн харгислал, гэмт хэрэгт уучлал хүсэж байсан тус улсын Ерөнхий сайд асан Томиити Мураяма 101 насандаа таалал төгслөө.

Мураяма нь Японы цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн талаар “Гүнээ гэмшиж байна” хэмээн Япон улс бууж өгсний 50 жилийн ойгоор мэдэгдэл хийж байсан юм.
Ардчилсан намын тэргүүн, түүнийг залгамжлагч Мизүхо Фүкүшима “Японы улс төрийн эцэг Томиити Мураяма өнөөдөр (Улаанбаатарын цагаар 13:28 цагт) Ойта хотын эмнэлэгт 101 насандаа таалал төгслөө” хэмээн мэдэгдсэн.
Түүний дайны үеийн мэдэгдэл буюу “Мураяма мэдэгдэл” нь өмнөх бүх Ерөнхий сайд нараас илүү гүн уучлал илэрхийлсэн бөгөөд олон улсад уучлал гуйх гуйлтын жишиг болж үлдсэн юм.
1995 оны наймдугаар сард тэрбээр ингэж хэлжээ:
“Япон улс … колоничлол болон түрэмгийллээрээ олон улсын, ялангуяа Азийн ард түмэнд асар их хор хохирол, зовлон шаналал учруулсан. Цаашид ийм алдаа бүү давтагдаасай гэсэн чин хүсэлдээ тулгуурлан, түүхийн энэ маргаангүй баримтуудыг даруу сэтгэлээр хүлээн зөвшөөрч, гүнээ гэмшиж буйгаа илэрхийлж, чин сэтгэлийн уучлал хүсэж байна.”
Мураямагийн хэрэглэсэн “Гүнээ гэмшиж байна”, “Чин сэтгэлийн уучлал хүсэж байна” гэсэн үг хэллэгийг дараагийн Ерөнхий сайд нар 60 болон 70 жилийн ойгоор ашиглаж ирсэн. Харин 2013 онд үндсэрхэг үзэлт Ерөнхий сайд асан Шинзо Абэ (алуурчны суманд өртөж амиа алдсан) энэ уламжлалыг зогсоосон юм.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 47 жилийн дараа Мураяма анх удаа социалист гаралтай Ерөнхий сайд болсон бөгөөд тэрээр Японы дайны дараах улс төрийн гол хүчин болсон Либерал ардчилсан намтай эвсэл байгуулж байв.
1994–1996 онд түүний тэргүүлсэн засгийн газар Японы баруун хэсэгт болсон их газар хөдлөл, мөн Токиогийн метро дахь “Сарин хийн халдлага”-ыг (1995 онд 12 гаруй хүн амиа алдаж, 5800 гаруй хүн гэмтсэн) даван туулсан хүнд үеийг удирдсан гэгддэг.
Түүний удирдлагын үед Япон улс АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын гэрээгээ хадгалан баталгаажуулж, Өөрийгөө хамгаалах хүчнийг (Self-Defense Force) хүлээн зөвшөөрч, өнөөгийн төрийн далбаа болох Хиномару-гийн хэрэглээг хууль ёсны болгосон. Энэ бүхнийг түүний нам өмнө нь энх тайвны үзэл баримтлалаас шалтгаалан эсэргүүцдэг байсан юм.
Томиити Мураяма 1924 оны 3-р сарын 3-нд Ойта мужид төрж, 1938 онд Токио руу нүүжээ. Хожим тэрбээр цэргийн албанд татагдан, Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үеэр Кюүшүгийн Кумамото мужид байрлаж байсан юм.
2015 онд Японы үндэсний телевиз NHK-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Цэрэг бол аймшигтай зүйл” хэмээн дурсаж, “Эсэргүүцэл, маргаан гаргахыг бүрэн хориглодог байсан” хэмээн хэлжээ. Мөн дайны төгсгөлд “Хоол хүнс ховор, зэвсэг дууссан. Хулсан саваагаар хийсэн зэвсэгтэй байлаа. Ийм нөхцөлд бид яаж дайн хийж чадах вэ гэж би бодсон” гэж дурсан өгүүлсэн байдаг.
Мураяма 2000 онд улс төрөөс бүрмөсөн зодог тайлсан юм.











