



















Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахын тулд Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61 ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулах саналыг Монгол банканд гаргаад байна.
Ингэхдээ, Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгох биш. Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь 40 хүртэлх метр квадратад 4 хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно гэх саналыг боловсруулжээ. Гэхдээ зах зээлийн зарчмаар буюу арилжааны банкны хүүтэй зээлээр худалдан авч буй орон сууцад энэ зохицуулалт хамааралгүй. Одоогоор 6 хувийн хүүтэй зээл олгосон хэвээр байна. Хэрэв Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд өөрчлөлт орвол орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурт өөрчлөлт орох боломжтой.
Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгожээ. Учир нь, банк санхүүгийн байгууллагууд зээлийн чанар, эрсдэлдээ анхаарч, харьцангуй өндөр орлоготой иргэдэд зээл олгох хандлагатай болсон байна. Иймээс орлогын түвшин харьцангуй доогуур ч гэсэн зээлийн шалгуураа хангаж буй иргэдэд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг илүү хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү хүү, талбайн шаталсан бодлогын арга хэмжээг авахаар танилцууллаа гэж Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас тайлбарлаж байна.
Хөдөө, орон нутагт олгох ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт эхний 3 жилд нь 3 хувийн хүүгийн татаас олгох хөтөлбөр 2023 оноос хойш хэрэгжих болсон. Нэмээд урьдчилгаа төлбөрийн 30 хувийн шаардлагыг 60 хүртэлх хувиар бууруулаад 12 хувь хүртэл болгожээ. Одоогоор орон нутаг дахь орон сууцны хөтөлбөрийг өөрчлөх саналыг салбар яамнаас нь гаргаагүй байна.











