
Калифорни муж дах Санта Круз хотын далайн эрэг дээр 10 настай хүүг аварсан өсвөр насны /16 настай/ аврагч хүү өнгөрсөн Бямба гарагт хэд хэдэн хүний амийг аварсан болохыг түүний гэр бүлийнхэн мэдээлжээ.
Түүний эр зоригийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцлон сайшаасан юм.
16 настай Райдер Уильямсын гэр бүлийнхэн үндэсний хэмжээний анхаарлын төвд орсон бөгөөд хүү мягмар гарагт аврагчийн ажилдаа эргэн орсон байна.
Түүний аав, 54 настай, тэтгэвэрт гарсан гал сөнөөгч Шэйн Уильямс:
Тэр зүгээр л жирийн өсвөр насны хүүхэд шиг байж, зуны турш шаргуу хөдөлмөрлөж, нутгийнхаа хүмүүсийг хамгаалахыг хүсдэг. Би хүүгээрээ үнэхээр бахархаж байна. Тэр гайхалтай хүүхэд.
гэжээ.
Райдер 10 настай хүүг аварсан төдий бус өөр хэд хэдэн хүнийг шивэхээс аварч, хамгаалжээ. Түүний 10 настай хүүг аварч буй бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсанаас хойш цахим сүлжээнд түүний эр зоригийг магтаж, Ерөнхийлөгч Трампын анхаарлыг хүртэл татсан юм.
Түүний өвөө Жорж Уильямс:
Тэр үүний дараа дахин хоёр удаа аврах ажиллагаанд оролцсон. Тэр хоёр нь бүр илүү аюултай нөхцөлд байсан.
гэж ярьсан байна.
Түүний хэлснээр Райдер тухайн бямба гарагт ээлжийн хугацаандаа нийт таван удаа аврах ажиллагаанд оролцсон байна.
Аав нь:
Бид үнэхээр их догдолж, сэтгэл хөдөлж байна. Би одоо ч түүнийг жаахан хүү минь гэж хардаг учраас аль болох олон нийтийн анхаарал, хэл амнаас хамгаалахыг хичээж байна.
гэж нэмж тодотгосон байна.
Энэ явдал бямба гарагт Санта Круз хотын Сибрайт эрэгт болсон юм. Хүчтэй давалгаа 10 настай хүүг далайн гүн рүү татан авч, эрэг дээр байсан хүмүүс айдаст автан харж байхад Райдер эргэлзэлгүй ус руу үсэрчээ.
Тэрээр далайн хүчтэй давалгаатай тэмцэн хүүд хүрч, эсэн мэнд эрэг дээр гаргаж чадсан юм.
Аврах ажиллагаанаас хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Райдерт иргэний дээд шагнал гардуулахаа мэдэгдсэн юм.
Трамп олон нийтийн сүлжээндээ:

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ зоригтой залуу болон түүний гэр бүлийг, магадгүй түүний аварсан хүүгийн хамт Цагаан ордонд урьж, Иргэний дээд шагналаар шагнана. Маш зоригтой хүү. Үүнийг хүртэх бүрэн эрхтэй.
гэсэн юм.
Энэ тухай сонссон Райдерын аав:
Бид дөнгөж сая л энэ мэдээг сонслоо. Одоохондоо бүрэн ойлгож амжаагүй байна.
гэжээ.
Тэд Вашингтон хот руу явах эсэх талаар асуухад:
Одоохондоо мэдэхгүй байна. Цагаан ордноос бидэнтэй одоогоор хэн ч холбоо бариагүй.
гэсэн юм.
Нэгдсэн улсын иргэдийн дунд төдийгүй дэлхий нийтэд алдаршаад Райдер хүү урьдын адил хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсэж байгаа аж.
Тэр энэ намар ахлах сургуулийн 11-р ангид орно. Айлын ганц хүүхэд бөгөөд аль хэдийн далайн эрэг дээрх аврагчийн ажилдаа эргэн оржээ.
Аавынх нь хэлснээр Райдер ирээдүйд өөртэй нь адил гал сөнөөгч болох талаар бодож байгаа гэнэ.
Тэр одоо хэт залуу байна. Галын албанд ажиллахыг хүсдэг тухайгаа надад ярьдаг. Гэхдээ бүхнийг алхам алхмаар хийхийг бид хүсэж байгаа. Одоо хамгийн чухал нь хүү маань сайн байгаа эсэх.
гэж түүний аав Шэйн Уильямс ярьжээ.
Аврах ажиллагааны үеэр Райдер бага зэргийн гэмтэл авсан байна.
Аав нь:
Хүүг чанга тэврээд явж байхдаа духаараа элс мөргөж, зулгарсан. Гэхдээ одоо зүгээр.
гэжээ.
"Би түүнийг тавихгүй байсан"
Гэртээ ирснийхээ дараа Райдер аавдаа:
Ааваа, би тэр хүүг огт тавихгүй гэж шийдсэн. Хэрэв тавьчихвал тэр живэх нь тодорхой байсан.Тийм зүйл болохыг би хүсэхгүй.
гэж хэлжээ.
Шэйн Уильямс:
Тэр ингэж хэлэхэд миний нүдэнд нулимс цийлэгнэсэн. Үнэхээр гайхамшигтай мөч байсан.
хэмээн дурссан байна.
Тэрээр мөн:
Райдер багаасаа л бусдад туслах дуртай, сайхан сэтгэлтэй хүүхэд байсан. Тэр энд өссөн болохоор нутгийнхаа хүмүүст тус хүргэхийг л хүсдэг.
гэж нэмж хэлжээ.
Харин өвөө Жорж Уильямс:
Тэр болсон явдлыг ердөө ажлаа хийсэн төдий зүйл гэж л хэлсэн. "Энэ бол миний хийдэг ажил" гэсэн.
хэмээсэн байна.
Өвөө нь:
Тэр үнэхээр гайхалтай хүүхэд. Бид түүнд маш их хайртай.














