



















"Ахмад настны тухай хуулиар аав, ээж, өвөө, эмээгийнхээ тэтгэврийг зөвшөөрөлгүй авч, зориулалтын бусаар зарцуулбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг 70/30 болгож бууруулахаар Монголбанкинд ханджээ.
Ахмадуудын тэтгэврийн зээл байр, машин, сургалтын төлбөр болж, тэд өөрсөддөө биш үр хүүхэддээ зориулж байна. Энэ нь ахмад настнуудын амжиргааг дэмжих бус өрийн дарамтанд оруулдаг гэх судалгааг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ
505 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэж
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянга 400 төгрөг
Бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг
Дундаж тэтгэвэр 848 мянган төгрөг
Гэсэн ч ахмадуудын тэн хагас нь ядуу. Нийт ахмадуудын 60 гаруй хувь нь зээлтэй, Тэд тэтгэврээ 100 хувь барьцаалж, сарын 1.3 хувь, жилийн 16 хувийн хүүтэй зээлийг 24 хүртэлх сараар авдаг.
Тэтгэвэрт гараад л стресдэж, сэтгэл гутралд ордог ахмад олон бий. Тэтгэврээрээ чанартай хүнс идэж, хүссэн хувцас аваад өмсчих хэмжээнд хүрч дөнгөдөггүй. Тиймдээ ч үр хүүхдийнхээ царай харж амьдрах нь гэх бодол ийм байдалд хүргэдэг байна.
Юмс хоёр талтай
Нээрэн л эцэг, эхээ шимэгчилж амьдрагсад олон бий. Дагуулж яваад тэтгэврийг нь авчихдаг, сахиж зогсоод булаагаад явчихдаг, дарамталдаг, тэтгэврийг нь авахын тулд зоддог гээд хүний мөсгүй үр хүүхэд цөөнгүй. Гэхдээ нийтээрээ тийм биш. Тэтгэврийн зээл авч цагаан сарын баяртайгаа золгодог олон ахмад бий. Санхүүгийн боломж тааруугаас үр хүүхэддээ тусалж, унаа тэрэгтэй болгох, байр саванд нь таван цаас нэмэрлэх гэж сайн дураараа тэтгэврээ барьцаалан зээл авдаг өчнөөн ахмад бий. Үр хүүхэд нь ч тэднийгээ газар гишгүүлэхгүйн төлөө зүтгэдэг гээд гэр бүлийн хооронд тохиролцож, шийддэг асуудал нь. Тиймээс эцэг, эхээ тэтгэврийн зээл хүчээр авхуулдаг хэсгийн хөлд бусдын санхүүгийн эрх чөлөөнд халдаж, хохироож болохгүй.
Тэтгэвэр авагчдыг өөрсдийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргахыг албадах, эсвэл санхүүгийн хувьд тэдний нөхцөл байдлыг ашиглан шахалт үзүүлэх нь тэтгэврийн зээлээр дарамтлах гэж ойлгож болно.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмадуудын санхүүгийн бие даасан байдал, шийдвэр гаргах эрхийг хязгаарлаж, айл гэрийн ахуй руу хэтэрхий хутгалдаж буй. Хууль, журмын хязгаарлалт хийж, хөндлөнгөөс зохицуулах гэж оролдож буй байдлыг нь учир мэдэх хэсэг шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл айл гэр бүлийн санхүүгийн шийдвэрийг сайд удирдах гээд байна.
Зээлгүй Монгол хүн гэж бараг үгүй. Авдаг цалин, тэтгэвэртэй тааруулаад арилжааны банкуудаас авч болох хэмжээгээрээ зээл авч хэрэгцээ, шаардлагаа хангаж буй. Тэгээд ч банкууд сайдаар заалгуулалтгүй нас, өгч болох зээлийн хэмжээг нь тооцоолж үзээд олгочихдог. Тиймээс зээл авах хувь хүний эрхэнд халдаж байхын оронд ахмадуудын орлогыг нэмэгдүүлэх нь харин зээл авах хэрэгцээг нь бууруулна. Ингэхийн тулд тэдний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүгийн боломжинд нь тааруулж зээлийн өөр хувилбаруудыг санал болгох гэхчилэнгээр тэтгэврийн зээлийн хамаарлыг бууруулах нь Засгийн газрын бодлого, сайдын хийх ёстой ажил юм.
Улс орон бүрийн эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтаас хамааран өөр өөр тэтгэврийн зээлийн бодлоготой.
АНУ, Канад, Европын орнуудад тэтгэврийн зээлийн хүү бага, зээл авах хэмжээг орлогын тодорхой хувиар хязгаарладаг
Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улс орнуудад тэтгэврийн санг зээлтэй холбох үйлчилгээ бий
Швед: Ахмад настнуудад зориулсан бага хүүтэй, урт хугацааны зээлийг төрөөс дэмждэг
Зарим оронд ахмад настнууд тэтгэврийн хуримтлалаа барьцаалж зээл авах ч боломжтой байдаг
Бодлого тодорхойлох учиртай Засгийн газрын гишүүн хувь хүн, айл гэрийн хэт хувийн шинжтэй асуудлыг зохицуулах гэж оролдох нь иргэдийнхээ амьдралын чанарыг бууруулах, санхүүгийн бие даасан байдалд халдсан үйлдэл гэдгийг ойлгох учиртай.
Хэрвээ ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгаланг хувь хүний санхүүгийн эрх чөлөөнд халдсан гэж үзвэл гомдол гаргах эрх нь нээлттэй.











