



















Лхагва гарагт Холливуудын домог болж буй од Леонардо ДиКаприо АНУ-ын Вашингтон хотын Үндэсний сүмд болсон нэрт приматологич, (приматууд буюу хүний төрөлд ойр амьтдын зүйлийг судалдаг шинжлэх ухааны мэргэжилтэнийг ийн нэрлэдэг) зэрлэг амьтдыг хамгаалагч Жэйн Гүүдоллын оршуулгын ёслолд хүндэтгэл илэрхийлж, сэтгэл хөдөлгөм евролог (дурсгалын үг) хэлжээ.

Жэйн Гүүдолл 10-р сарын 1-нд 91 насандаа байгалийн жамаар таалал төгссөн юм.
Жүжигчин ДиКаприо Вашингтон Үндэсний сүмд еврологийг уншсан бөгөөд өөрийн [илтгэлдээ] Гүүдоллыг дэлхийд төдийгүй “бидний олонхид” асар их нөлөө үзүүлсэн, хүрээлэн буй орчны төлөө амь биеэ зориулсан хүн гэж дурсан, түүнтэй хувийн ойр дотно харилцаатай байсан тухай өгүүлсэн аж.

ДиКаприо үгээ эхлэхдээ:
“Өнөөдөр дэлхийд, бид бүхэнд ийм агуу нөлөө үзүүлсэн, ер бусын эмэгтэй, миний сайн найз Жэйн Гүүдоллыг хүндэтгэн зогсох нь надад нэр төрийн хэрэг юм.” гэж эхэлсэн байна.
ДиКаприо Гүүдоллын хүрээлэн буй орчны асуудалд хандах байнгын өөдрөг үзэл, шийдэлд төвлөрдөг хандлагыг онцлон дурдсан.
“Ихэнх хүн хүрээлэн буй орчны асуудлыг бодохдоо сүйрэл, алдагдлыг хардаг. Харин Жэйн үргэлж итгэл найдвараар манлайлагч байсан.”
“Тэр хэзээ ч цөхрөл, шаналан дээр тогтож саатдаггүй байсан. Юу хийж болох, ямар өөрчлөлт авчрах боломжтой вэ гэдэгт төвлөрдөг байв. Бидний хүнлэг байдал бол хамгийн том хэрэгсэл гэдгийг тэр байнга сануулдаг байсан.”
ДиКаприо Гүүдоллыг “Зөөлөн, сониуч, хөгжилтэй, хурц ухаантай, тууштай” хүн байсан хэмээн тодорхойлов.
Тэрээр:
“Бид маш олон газар уулзаж байсан — бага хурал, хэлэлцүүлэг, найзынд… Үргэлж бид хоёр буланд сууж улс төр, биологийн олон янз байдал, ирээдүй үе биднээс илүү сайн сайхан байх боломжийн талаар шөнө дөл болтол ярилцдаг байлаа.” гэжээ.
ДиКаприо илтгэлээ дараах үгээр өндөрлөв:
“Жэйн үргэлж: ‘Бид амьдарч буй бүхий л өдөр бүр дэлхийд нөлөө үзүүлж чадна’ гэж хэлдэг байсан. Түүний төлөө, амьд бүхний төлөө, ирээдүй үеийнхний төлөө бидний нөлөө итгэл найдварынх байг.
Таны амласандаа хүрдэгээ бидэнд харуулж, амьдралаа зориулсан танд баярлалаа, Жэйн.”
Гүүдолл болон ДиКаприо олон жилийн турш хүрээлэн буй орчны хамгааллын үйл хэрэгт хамтран ажиллаж, хоёулаа НҮБ-ын Энхтайвны Элч нар байсан.

Энэ бол НҮБ-ын ажилд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд урлаг, шинжлэх ухаан, утга зохиол, спорт, урлаг зэрэг салбарын нэр хүндтэй хүмүүсээс онцгойлон шалгаруулдаг хүндтэй цол юм.
ДиКаприо мөн Гүүдоллын таалал төгссөний дараа урт нийтлэлээр дурсамж бичиж, тэрээр “дэлхийг хамгаалахад, зэрлэг амьтад болон экосистемд дуу хоолой болж” бүх насаа зориулсан хэмээн дурссан.
Гүүдолл өнгөрсөн сард АНУ-аар тойрч илтгэл тавьж яваад Калифорнид таалал төгссөн талаар Гүүдоллын 1977 онд байгуулсан Жэйн Гүүдоллын хүрээлэн мэдээлжээ.











