
Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар
(бэлдсэн байдлаар Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын Яам)
Өглөөний мэнд. Намайг дахин урьж, та бүхэнд болон бизнесийн өргөн хүрээнийхэнд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэлэх боломж олгосон АмЧамд баярлалаа. Өнгөрсөн дөрвөн жилд миний хувьд хамгийн их бахархаж байсан зүйл бол хувийн хэвшлийн төлөө хамтдаа нөлөөллийн ажил хийсээр ирсэн АНУ-ын Элчин сайдын яам, Америкийн Худалдааны танхимын хамтрал юм. Ямар хүчирхэг, үр дүнтэй хамтрал болж вэ!
Энэ сард та бүхэнд хандах нь онцгой утга учиртай юм. Учир нь бид хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний шинэчилсэн мэдээллийг танилцуулахаас гадна удахгүй гарах “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийн урьдчилсан тоймыг хүргэх гэж байна. Гол дүгнэлтийг шууд хэлэхэд: Сайнгүй байна. Засгийн газар 2025 оны хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсангүй. Энд байгаа хүмүүсээс үүнтэй санал нийлэхгүй хүн цөөхөн байх болов уу гэж бодож байна.
Дотоодын болон олон улсын эх сурвалжийн баттай мэдээлэл, АмЧамын олон гишүүдийн санал бодол, мөн Улаанбаатар болон улс даяар байгаа, байх боломжтой АНУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойд тулгуурласан манай дүн шинжилгээг үндэс болгон хэлэхэд, Монгол Улс 2026 онд ч 2025 оны нэгэн адил хөрөнгө оруулалт оруулах бараг боломжгүй орон хэвээр байна.
Энэ нь нилээд гунигтай дүр зураг боловч ялангуяа бизнесийн салбарын төлөө АмЧамын гаргаж буй асар их хүчин чармайлтыг хараад би болгоомжлонгуй ч өөдрөг хандсаар байна. Манай ажилтан Майкл Ричмонд өнөөдөр болох хэлэлцүүлгийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Хэдэн долоо хоногийн өмнө Сүхбаатарын талбайд бидний хамтран зохион байгуулсан “Freedom 250 American Days” арга хэмжээ маш амжилттай болж, олон хүн оролцсон нь АмЧам болон манай хамтын ажиллагаа хэр үр дүнтэй болохыг харуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь бизнесээс соёл, спорт хүртэл, хамтын түүхээс комик номын баатрууд хүртэл Монгол-Америкийн гүн гүнзгий, өргөн хүрээний хэлхээ холбоог тэмдэглэсэн юм.
АмЧамын сүлжээ, нөөц бололцоо, зөвлөгөөгүйгээр бид үүнийг хийж чадахгүй байсан. Эдгээр нь АмЧамыг хувийн хэвшлийн юугаар ч сольшгүй өмгөөлөгч нь болгодог чанарууд юм.
АмЧамын оруулж буй хувь нэмэр, түүний хүчтэй дуу хоолойг хүлээн зөвшөөрч, сүүлийн үеийн Монголын Засгийн газрууд АмЧамтай зөвлөлдөх болсон. УИХ, Засгийн газар бизнест ээлтэй, мөн хөрөнгө оруулалт татаж, Монголын эдийн засгийг төрөлжүүлэн, өсөлтийг хангахад зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг тодорхойлохдоо АмЧамыг чухалчлан авч үздэг болсноор та бүхэн бахархах ёстой.
АмЧам нь нарийн ширийн зүйлд анхаарал хандуулах, сайтар нотолгоотой, ил тод дүн шинжилгээ хийх, мөн Монголын бизнесийнхэнд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт, арилжааны асуудлаар шударга, нээлттэй зуучлагч байж чадахаа харуулсны үндсэн дээр энэ байр суурийг олж авсан. Хамгийн гол нь, миний бодлоор АмЧам гишүүдээ сонсдог. АмЧамын гишүүн байснаар та бүхэн бизнесийнхний өмөг түшиг болж чадсан байгууллагыг бэхжүүлэн, ашиг тусыг нь хүртэж байгаа. Энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлж буй Адьяа болон түүний багийн хүчин зүтгэлийг үнэлэх ёстой. Тиймээс гишүүнчлэлийн татвараа төлсөөр байгаарай.
Засгийн газар ба парламентын үйл ажиллагааны талаар хэлэхэд, дараалсан засгийн газруудын янз бүрийн санаачилга бүрийг авч үзэхэд хүндрэлтэй байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ч тийм л байлаа. Гэхдээ бидний зүгээс анхаарал хандуулж, дүн шинжилгээ хийж үзсэн хэдээс дүгнэхэд “болгоомжлонгуй өөдрөг” байж болох хэд хэдэн шалтгаан байна.
Татвар, зохицуулалтын үйл явц, лиценз, зөвшөөрөл олгох, маргаан шийдвэрлэх болон бизнесийн орчныг эрч хүчтэй, цэцэглэн хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд шинэчлэл хийх шаардлагатайг олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн Учралын засгийн газар болон парламентыг би сайшааж байна. Гэвч бид эдгээр зүйлс биелэгдэхийг хүлээсээр л байна. Ялангуяа зөвшөөрлийг сараар биш өдрөөр, маргааныг жилээр биш сараар шийддэг бизнесийн орчныг хүлээж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Учралын засгийн газар өмнөх засгийн газруудынхаа нэгэн адил эдгээр өөрчлөлтийг авчирч чадахуйц хууль тогтоомж батална гэж амласан. Гэвч “Монгол Улс бизнес эрхлэхэд хэтэрхий хэцүү газар” гэсэн айдас бид бүгдийг дагасаар байна. Энэ бол миний ч, АНУ-ын Элчин сайдын яамны ч толгойг гашилгасаар байгаа асуудал юм.
Бараг юу ч өөрчлөгдсөнгүй. Засгийн газрууд болон парламентууд хэдэн арван жилийн туршид хийж ирсэн шигээ хуулиудыг ханан дээрх шагнал мэт олон нийтэд бахархалтай сурталчилах хэдий ч хэрэгжилт, хяналт тавихад дутагдалтай хэвээр, эсвэл өмнөх засгийн газруудын хийсэн гэрээ хэлцлийг биелүүлэхгүй байх, маргаан шийдвэрлэх боломжит, шударга, ил тод арга замыг олохгүй байх явдал үргэлжилж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буй УИХ-ын гишүүд хууль санаачлагчдаас уг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, албан тушаалтнуудаар хууль, тогтоомжийг хэрхэн дагаж мөрдүүлэхээр төлөвлөж байгаагаа тайлбарлахыг шаардсан нь зөв юм. Сумаас яам хүртэлх албан тушаалтнууд ямар ч хариуцлага, эх үүсвэргүйгээр явцын дунд дур мэдэн өөрчилдөг одоогийн байдалтай харьцуулахад шүү дээ.
Албан тушаалтнуудаар хууль, тогтоомжийг дагаж мөрдүүлэхдээ мэргэжлийн урамшуулал болон хатуу шийтгэлийн аль алиныг нь ашиглаж болдгийг олон улсын олон арван жилийн туршлагаас Монголын удирдагчид мэднэ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эргэлзээд байх шалтгаан үгүй.
Монголын төр засаг тэдгээр батлагдсан аргуудыг хэрэгжүүлэх ёстой. Бидний үүрэг бол тогтвортой, стратегийн нөлөөллөөр дамжуулан хуулиа дагахыг засгийн газарт уриалах, шаардах явдал юм. Энд л АмЧам болон АНУ-ын Элчин сайдын яамны түншлэл бэхжин үргэлжлэх ёстой юм.
Бид албан тушаалтнууд, хууль тогтоогчидтой хийх бүх уулзалтын үеэр тодорхой, товч, нэгдмэл аргументуудыг дэвшүүлснээр үр дүнд хүрч чадна.
Ийм тууштай хандлага нь сахилга бат шаардах боловч тогтвортой, бүтээлч, шулуун шударга нөлөөлөл нь эцэстээ урт хугацааны бодлогын зорилгыг хангадаг.
Өөдрөг, гэхдээ бодитой төсөөллөөр дуусгая. Монгол Улсад гайхалтай боломж бий гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч бодит байдал дээр шинэ хөрөнгө оруулалтын хувьд хэцүү хэвээр байна. Одоогоор уул уурхай бүхэл бүтэн эдийн засгийг үүрч явна. Нийт ДНБ-ий өсөлт энэ жил 5%-иас давж байгаа ч дэлхий дахины сонирхлыг урт хугацааны хөрөнгө оруулалт болгон хувиргахад хэцүү байсаар байна.
Тийм ээ, түргэн хоолны франчайз, конвиниенс дэлгүүр, ногоон технологи хүлээлтээс давж байна. Гэвч бизнесийн өргөн хүрээний өсөлт байхгүй байна. Бэлгэдлийн хуулиуд, хялбаршуулсан лиценз зөвшөөрөл хангалтгүй. Бид бүхний хүсэж байгаачлан, Монгол Улс дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд, Азийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч болохын тулд “өнгөц засвар”, “шархны наалт” төдийгөөс давж сэтгэх хэрэгтэй. Гэрээ хэлцлийг чанд хамгаалдаг, урьдчилан таамаглах боломжтой хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой.
Ирээдүйг харахдаа АНУ-Монголын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн жинхэнэ хүч чадал нь засгийн газрын гэрээ хэлцэлд дангаараа оршдоггүй, харин энд байгаа хүмүүсийн хамтын шийдвэрт оршдог гэдгийг санацгаая. АНУ-ын Элчин сайдын яам болон АмЧам хамтдаа хүчирхэг гүүр болж, эдийн засгийн сорилтуудыг бизнесийн дэвшил болгон хувиргах чадвартай. Өнөөгийн Монголын зах зээлд шаардлагатай байгаа бүтээлч, инновацлаг шийдлүүдийн түүчээ болохыг та бүхэнд уриалж байна. Зоригтой алсын хараагаар хувийн хэвшлийн дуу хоолой болж, удирдан чиглүүлж, ил тод бизнесийн орчны төлөө нугаршгүй тууштай байж, ирээдүй хойчдоо цэцэглэн хөгжсөн эдийн засгийн орчныг бүтээж үлдээцгээе. АмЧамд маш их баярлалаа. АНУ-ын Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе.
Баярлалаа









