



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Оманы Султанат Улсын Байгаль орчны сайд бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассамблейн (UNEA-7) Ерөнхийлөгч Абдуллах бин Али Ал Амритай нар /2025.10.09/ цахим уулзалт хийлээ.

Тус уулзалт нь талуудын хувьд хоёр дахь удаагийн уулзалт бөгөөд 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах хүрээнд талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, санаачилга эхлүүлэх зорилго тавьж ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд хоёр улсын Байгаль орчны яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, уг баримт бичгийг 2025 оны 12 дугаар сард Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн (UNEA-7) үеэр танилцуулж, албажуулан үзэглэхээр тохиролцлоо.
Мөн уулзалтын үеэр талууд ус болон газрын нэгдсэн менежмент, цөлжилт, говь хээрийн бүсийн экосистемийг нөхөн сэргээх, усны чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтын санаачилга хэрэгжүүлэхээр тохиролцож, Талуудын техникийн багийн уулзалтыг 2025 оны 10-р сарын 10-15-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн үеэр зохион байгуулахаар төлөвлөв.
Уулзалтад БОУАЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, СОР 17 Ажлыналбаны дарга Д.Батмөнх, БОАУӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Дэжидмаа нар оролцлоо.











