



















CNN” редакторын тэмдэглэл: Энэхүү тэмдэглэлд уншигч таны сэтгэлийг түгшээж болохуйц үг хэллэг, зураг агуулагдсан байж болно...
Газын зурвасын хойд бүс нутагт орших Жабаля хуарангаас уг тэмдэглэл хүрч байна. Жабалягийн тоост гудамжид Израилын дайралтад өртөж нас барсан энгийн иргэдийн цогцосууд хаа сайгүй хөглөрнө. Израилын армийн хийж буй дайралтын улмаас тус хотод хүрэх замууд эвдэрч сүйдэн иргэд нь өлсгөлөнд нэрвэгджээ. Жабаля дахь онцгой байдлын албаны дарга Фарес Афана CNN-ны редакцад өөрийн дарсан зургуудаа илгээн утсаар ярьсан бөгөөд, тэрээр:
Газын зурвасын хойд зүгийн бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдэж Израилын арми амьтай бүхнийг устгаж байна гэжээ.
Израилын армийн довтолгоо Ойрх Дорнодыг газрын хөрстэй нь тэгшлэхээр улайрчээ. Довтолгоонд өртөн амиа алдах энгийн номхон иргэдийн цогцсууд өдөр ирэх тусам нэмэгдэж, хэн гэдгийг нь тогтоон таних ажиллагаа явуулахад ч хүндрэлтэй болж. Учир нь өлсгөлөнд нэрвэгдсэн тус хотод золбин ноход байтугай ард иргэдэд нь идэх хоол алга. Тиймээс гудамжинд өлбөрөх дөхсөн золбин ноход хаа сайгүй хэвтэх цогцсыг зулгааж идэж байгаа дүр зураг элбэгшжээ. Золбин нохдын сэглэсэн Палестинчуудын цогцсыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авахдаа хэрхэх учраа ч олохоо байжээ.
Фарес Афанагийн CNN рүү илгээсэн зургууд дунд сэтгэл өвтгөм нэгэн зураг байсан нь золбин нохдын идэж буй бяцхан хүүгийн цогцос байв.
Сүүлийн 12 хоногт Израилын арми Жабаля руу агаараас цохилт өгөхийн зэрэгцээ хуурай замын дайралт хийн бүсэлснээр энэ хотод олон мянган хүүхэд, жирэмсэн эхчүүд гацжээ.
Израилын Батлан хамгаалах хүчнээс тайлбар хийхдээ Жабаля дахь “ХАМАС” бүлэглэлийнхэн цохилт өгч, байг устгаж буй гэнэ.
Гэвч онилж буй байд нь энгийн иргэд хэлмэгдэн зовж буй нь сүүлийн үед дэлхий нийтийг түгшээх гол асуудал болж байна. Хэдийгээр хүн төрөлхтөнд аюул заналхийлж буй террорист бүлэглэлийг арчиж тэднийг далд санхүүжүүлэн, “төлөөллийн дайн” хийж буй Иран Оросын түрэмгийллийг зогсоож байгаа ч энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдэд ямар буруу байх билээ…
Үүнд нь дэлхийн улс орнууд эмзэглэж, НҮБ-ын аюулгүйн зөвлөл ч Израилын бодлогыг буруушааж байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албанаас ням гарагт Жабалягаас хамгийн багадаа 50,000 орчим хүн дүрвэсэн гэж мэдээлжээ. Харин хуаранд гацаж үлдсэн 400,000 хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүчтэй бөмбөгдөлтийг тэсвэрлэж үлдэхэд бэрх байгааг онцолжээ.
Жабаля хотын иргэд (Палестинчууд) буяны байгууллагын өгч буй хоолонд дугаарлаж буй нь. 2024 оны 9-р сарын 11.
НҮБ-ын мэдээлснээр 10-р сарын эхэн үеэс Газын зурвасын хойд бүс нутгуудад нутагт хүнсний бүтээгдэхүүн орж ирээгүй. Одоогоор нэг сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй байна.
Тиймээс бөмбөгдөлтөд өртөж буй тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх эсвэл тэр чигт нь “нүдээ аниад” үлдээх хоёр сонголт бий. Энэ сонголтыг Израилд шууд тулгаж байгаа НҮБ одоо шийдвэр хүлээсээр...
НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филипп Лаззарини даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ,
Израилын армийн Газын зурваст хийж буй довтолгоо аль хэдийн “улаан шугам”-ыг давсан. Тиймээс Израилын арми “дайны гэмт хэрэг” болохоос өмнө энгийн иргэд рүү хийх довтолгоогоо зогсоо гэжээ.
Газын зурвас руу хүргэх тусламжийн урсгалыг хариуцсан Израилын агентлаг даваа гарагт хүнс ачсан 30 ачааны машин нэвтэрсэн. Манай арми хүнсний тусламжийг чөлөөтэй нэвтрүүлж байна гэх хариу тайлбарыг CNN-д өглөө. Гэвч байдал эсрэгээрээ. Хэт өлссөн иргэд тусламжийн хүнс хадгалагдах агуулах руу хоол эрэн ойртвол Израилын цэргүүдийн гал нээнэ. Өлссөн хүмүүс хоол хүнс хайн бэдрэхдээ өөр лүү нь онилох овоо хараанаас ч эмээхээ больжээ. Нөхцөл байдал улам дордсоор...
Даваа гарагт гэхэд л Жабаля дахь хүнсний агуулахад хоол эрсэн хүмүүсийг буудаж 10 хүн амиа алдаж 40 гаруй хүн шархаджээ. Тэгвэл маргааш нь буюу мягмар гарагт дахин 17 хүн буудуулсан байна. Энэ сарын эхээр Израилын арми хуурай замаар довтолсноос эхлээд 340 гаруй хүн амь насаа алджээ. Хотод хүрэх замууд эвдэрсэн тул түргэний эмч нар ирж шархдсан иргэдэд тусламж үзүүлж чадахгүй байна. Мөн Израилын арми Палестины албаны машин байсан ч гал нээж байгаа учир тийш зүглэх нь аминд халтай гэж Фарес Афана ярьжээ. Тэр ч бүү хэл Жабаля дахь Йемен Аль-Саид эмнэлгийн ойролцоо Израилын дайралтад өртсөн Палестины түргэн тусламжийн машинуудын дугуй нь хагарч, сумны ул мөр тогтсон байгаа дүрс бичлэг CNN-ны редакцад иржээ.
Энэ бол жинхэнэ геноцид". Энгийн иргэд хэвийн ажиллаж амьдрах мөрөөдөл ч болжээ.
CNN Израилын цэргүүд яагаад түргэн тусламжийн машинууд руу гал нээсэн тухай тайлбар авахаар Израилын талтай холбогдоход “ХАМАС” руу хийх довтолгоо гэв
Аль Гад ТВ-ийн сэтгүүлч Абдул Карим Аль-Зувайдигийн мягмар гарагт CNN рүү явуулсан дуу бичлэгт, Халдлага болж байгаа энэ бүс нутгийн “дүр зураг”, “дуу чимээ”, “үнэр танар” төсөөлшгүй аймшигтай байна гэж тодотгожээ. Хүлээн авсан CNN-ны редакцынхан ч бичлэг дэх дуу чимээ бөмбөгдөлт “чих дөжрөм” байлаа гэсэн юм. Нөхцөл байдал таны төсөөлж байгаагаас ч хүнд байна...
ХҮМҮҮС ХААНА АМЬДАРЧ БАЙНА...
23 настай Палестин залуугаас асуухад, “Бид нурсан байшин барилгуудаас үлдсэн материал, хавтангуудаар, энгийн оромж майхан босгоод амьдарч байна” гэв. Ийм нөхцөлд хэн удаан тэсэх билээ. Гэвч Жабалягаас зугтахаар завдсан энгийн иргэд рүү ч Израилын арми гал нээсээр...
Жабалягийн Палестинчууд мягмар гарагт Израилын дайралтын улмаас барилгын нурангид дарагдсан хүнийг гарган авах оролдлого хийж байна.
Израил-ХАМАС-ын дайны өмнө Жабалягийн иргэд дүрвэгсдийн хуарандаа цугларч, гэр бүлээрээ Исламын онцлох баярууд тэр дундаа Рамадан сарыг тэмдэглэдэг байжээ.
“Жабаля бааз” маш үзэсгэлэнтэй, аюулгүй, тайван. Орон нутгийн зах хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагддаг байсан. Харин одоо дүрвэгсдийн хуарангаас үнс л үлдлээ хэмээн сэтгүүлч Аль-Зувайди хэллээ. Мөн тэрээр "Бид тэр гудамжинд суучхаад хүүхдүүдтэй тоглож, тэдэнд зориулж арга хэмжээ, баяр наадам зохион байгуулдаг байлаа... Гэвч энэ үе хэзээ ч эргэн ирэхгүй. Дурсамж болон үлдэх юм даа гэж хэлээд санаа алдав.
Жабаля нь Газын зурвас дахь дүрвэгсдийн хуаран дотроо хамгийн том хуаран байв...











